Л.Дэлгэрмаа
11 сарын 09, 2022
Төгсөлтийн ойн баяраараа төрөлх аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт яаралтай тусламжийн кабинетыг байгуулж, хүлээлгэн өгсөн Увс аймгийн 1997 оны төгсөлтийнхөн ийн ярьж байна.
Тэд 2022 оны 11 сарын 06-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гуравдугаар давхрын коридорыг засаж тохижуулан хоёр ортой эрчимт эмчилгээний хэсгийг бий болгожээ. “Увс-97 төгсөгчдийн холбоо” ГҮТББ-ын нарийн бичгийн дарга З.Бадмаарагтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу? Сайн үйл санаачилсан танай хамт олонд баяр хүргэе? Та бүхэн ямар тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгч байна вэ?
- Увс аймагт 1887 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж, 1995 онд 8-н жил, 1997 онд 10 дугаар ангийг төгссөн бидний үеийнхэн санаа сэтгэл нэгдэж, нийгэмд тустай үйл бүтээх зорилго тавьсан юм.
Энэ жил манай 97 оны төгсөлтийн 25 жилийн ой тохиож байгаа тул цөөнгүй төсөл, хөтөлбөрийг санал болгосноос аймгийн эмнэлэгт хөрөнгө оруулах ажлыг олонхоороо дэмжихээр шийдсэн.
Энэхүү хандиваар нэгдсэн эмнэлгийн коридорыг засаж тохижуулан шилэн хаалт хийлгэж, хэвтрийн хүнд зориулсан асаргаа, сувилгааны иж бүрэн зохицуулалттай автомат үйлдэл бүхий хоёр ор, амин үзүүлэлт хянах монитор, яаралтай тусламжийн тэргэнцэр, 12 каналтай зүрхний бичлэгийн аппарат, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын болон шприцийн памп, сувилагчийн тэргэнцэр, эмчийн үзлэгийн ширээ сандал, өвчтөнийг зөөвөрлөх тэргэнцэр, яаралтай тусламжийн шкаф зэргийг авчирч хүлээлгэн өглөө.
- Яагаад заавал аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийг сонгож хөрөнгө оруулах болов?
- Манай “Увс-97 төгсөгчдийн холбоо” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь нийтдээ нэг мянга гаруй гишүүнтэй, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг.
Бид өмнө нь 20 жилийн ойгоороо төрж өссөн аймагтаа 82 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг боловсрол, соёл, нийгмийн салбарт хандивласан байдаг.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Токио-2020” паралимпын V байрын шагналт, анхны Ази тивийн аварга эмэгтэй тамирчин, төгсөгч Н.Алтанцэцэгт орон байрны асуудлыг шийдвэрлүүлж, төгсөгч М.Сувд-Эрдэнэ захиралтай “Ховор Угалз” сургалтын төвтэй хамтран 30 орчим төгсөгчийг гар урлал, үндэсний гутал, хувцасны оёдол, эсгүүр, арьсан урлал, эсгий урлал зэрэг сургалтад үнэ төлбөргүй хамруулах гэх мэт ажлыг зохион байгуулсан.
“Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгний төлөө” гэсэн уриатай төгсөлтөөс маань олон сайхан алдар, гавьяатан төрөн гарсан байдаг. Төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, ялангуяа хүн ардын эрүүл мэндийн төлөө жаахан ч атугай бодит хувь нэмэр оруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэн, хандив тусламжийг харамгүй өргөсөн үеийн олон найзууддаа талархсанаа дахин илэрхийлье.
Цар тахлын дараа ч, өмнө ч эрүүл мэнд эрхэм баялаг гэдгийг мэдэрч ойлгосон, мөн манай төгсөгч мэдрэлийн их эмч, аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 гаруй жил ажилласан туршлагатай, “Сэргэлэн тархи” эмнэлгийн эрхлэгч С.Булгамаагаас бидэнд хандаж, мэдрэлийн гаралтай тархины цус харвалтаар нас барах тохиолдол манай улсад их байдаг тухай, түүний дотроос Увс аймагт ийм төрлийн нас баралтын тохиолдол олон гэдгийг тайлбарлан таниулж, мэдээлэл өгсөн тул шийдвэр гаргахад эргэлзэх зүйлгүй байсан.
Хэдийгээр аймгийн нэгдсэн эмнэлэг нь төсвөөс санхүүждэг, гадна, дотын олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг мэт харагддаг ч харвалтыг зүрх, судасны чиглэлд хамруулан ойлгож, зөвхөн тэр талд илүү анхаарч, мэдрэлийн гаралтай тохиолдлуудад яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүн хүч, бэлтгэгдсэн боловсон хүчний асуудлаас гадна тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт ихээхэн хоцрогдсон болохыг түүний судалгаа, танилцуулга алхам тутамд нотолж байв.
Өнгөрсөн зун зургаадугаар сараас эхлэн хандиваа цуглуулж, эмнэлгийн засварын мөнгийг яаравчлан шилжүүлэхэд аймгийн эмнэлгийн удирдлагууд, эмч, ажилтнууд засвараа өөрсдөө хийж, зардлаас хөнгөлөн маш хурдан хугацаанд засаж дуусгасан.
Хандивын ажиллагаа нэг сар гаруйн хугацаанд идэвхтэй өрнөж, хандивын үйл ажиллагаанд
Тэс сумын 10 жилийн төгсөгч, “Талын Монгол”, “Актив гарден”-ы захирал М.Сүхбаатар тэргүүтэй төгсөгчид 7,2 сая,
Улаангомын I-10 жилийн, “Зэвт Цамхаг” ХХК-ийн захирал Р.Даринчулуун тэргүүтэй төгсөгчид 4,7 сая,
Улаангомын II-10 жилийн, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал, ТББ тэргүүн Ж.Баатархүү тэргүүтэй төгсөгчид 6,5 сая,
Улаангомын III-10 жилийн, “Түмэн-Хуримт” ХХК-ийн захирал Д.Түмэндэлгэр тэргүүтэй төгсөгчид 1,2 сая,
Улаангомын IV-10 жилийн төгсөгчид 1,3 сая,
V-10 жилийн төгсөгчид 1,5 сая, Баруунтуруун, Өмнөговь, Сагил сумын төгсөгчид тус бүр нэг сая,
Ховд сумын төгсөгч Д.Мижид 500 мянга,
Цагаанхайрхан сумын төгсөгчид 500 мянга,
Малчин сумын төгсөгч Дашдоржийн гэр бүл 160 мянга,
Тариалан сумын төгсөгчид 750 мянга гэх мэтээр хандив өргөжээ.
Хандивын үйл ажиллагаанд нийтдээ 130 гаруй хүн оролцсон. Маш олон газраас, газар зүйн байршил харгалзахгүй оролцож, их, бага гэлтгүй хандивт нэгдсэн нь сэтгэл хөдөлгөм сайхан байлаа.
Нийтдээ 24,5 сая төгрөгийн үнэ бүхий 14 төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байна.
Хандиваас үлдсэн зөрүүг бид төгсөлтийнхөө бүсгүйд хүүхдийнх нь эмчилгээнд хандивлахаар шийдвэрлэсэн байгаа. Цаг үеийн байдлаас шалтгаалан хил, гааль дээр захиалсан эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээгдэж, нэлээд цаг хугацаа зарцуулсан.
Увс аймгийн мэдрэлийн тасагт жилд дунджаар 500 гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн статистик бий. Нэг өдрийн өмнө ч гэсэн ажил үйлчилгээг эхлүүлэхийн тулд энэ кабинетыг нэлээд хэдэн хоногийн өмнөөс ажиллуулаад эхэлжээ. Увс нутгийн 82 мянга гаруй хүн амд мэдрэлийн гаралтай харвалт, амь тэнссэн үеийн яаралтай тусламж үзүүлэх боломжтой нөхцөлийг бүрдүүлчихлээ.
24 цагийн дотор тархины үхжилтээс сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг болчихвол их олон хүний амийг аврах боломжтой гэж судлаачид үздэг юм билээ.
Цаашдаа эмч, ажилтнуудаа илүү мэргэшүүлэх, түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх, хандлага, харилцааг уян хатан иргэдэд ойр байлгах эсэх нь тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтаас хамаарах нь ойлгомжтой. Хүнд хэцүү үед цаг хоромтой уралдан 18-19 сумын иргэдэд яаралтай дуудлагаар хүрч үйлчилдэг эмнэлгийнхний ажил үйлсэд Увс97 төгсөлтийн энэхүү хандив жаахан ч болтугай нэмэр өгнө гэж найдаж байна.
Ярилцсан: Б.Билгүүн
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.