Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт Аммиакийн хий алдагджээ. 

Тус үйлдвэрийн ажилтан залгаж амиак үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:40 цагт өгчээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын нийт 34 хүн очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийжээ.

Хэмжилтээр агаарын чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан байна.

Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаажээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д 11.29-нд хүргүүлнэ.