РОМ. /TASS/. ОХУ Европын Холбоотой /ЕХ/ харилцаагаа бүрэн хэмжээнд сэргээх сонирхолтой байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Италид айлчлахынхаа өмнө “Corriere della Sera” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  

“Бид дэлхий даяар энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор ОХУ болон ЕХ-ны харилцааг бүрэн хэмжээнд сэргээх сонирхолтой байна. Бид мөн Европын сонгогчдоос мандат авсан улс төрийн хүчнүүдтэйгээ үр бүтээлтэй харилцаа тогтооход бэлэн байна” гэж В.Путин мэдэгдсэн байна.

ЕХ-ны сонгуулийн үйл явцад Москва хөндлөн оролцсон гэж буруутгасныг ОХУ-ын төрийн тэргүүн эрс няцаажээ. Түүний үзэж байгаагаар, "ОХУ хөндлөнгөөс оролцсон" гэх санааг тараасан нь Европын парламентын сонгуульд тааруу үр дүн үзүүлсэн улс төрийн зарим хүчний тайлбар бололтой.

Европ дахь түгшүүртэй байдлыг даван туулахын тулд “хүйтэн дайны” үеийн хуучирсан үзэл баримтлалаасаа татгалзах шаардлагатай гэж В.Путин үзэж байна. “Олон улсын терроризм, мансууруулах бодисын наймаа, кибер гэмт хэрэг зэрэг бодит сорилтууд, аюулгүй байдалд учирч буй аюул заналыг сөрөн зогсохын тулд Өрнөдийн түншүүдтэйгээ хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг