Видео: 23 бар, караоке, дэн буудлаар хүрээлүүлсэн 33 дугаар сургууль

Үндсэн Хуульд зааснаар иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах бүрэн эрхтэй. Гэсэн хэдий ч томчуудын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр л. Хэдийгээр хүүхэд нэгдүгээрт гэж ярьдаг ч хууль, дүрэм бодит амьдрал дээр төдийлөн биеллээ олохгүй л байна.

Тэр дундаа хүүхдийн хамгийн аюулгүй орчин буюу сургууль цэнгээний газраар хүрээлүүлж, сурагчдын зарим нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөөр байна. Бид энэ асуудлыг сурвалжлахаар нийслэлийн 33 дугаар сургуулийг зорилоо.

Хотын төвөөс ганц км-ийн зайд байрлах БЗД-ийн 3 дугаар хороонд байрлалтай тус сургуулийн эргэн тойронд 23 бар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Энэ орчим нь хүмүүсийн хэлж заншсанаар Сансарын тунелийн дээд талын хэсэг юм. 

Биднийг сурвалжилгаар очих үед хүүхдүүдийн хичээл тарчихсан тул нам гүмхэн байв. Сургуулийн үүдний эгц өөдөөс нь цэнгээний газрын нэр хаягууд дурайна. Дотогшоо орж ганц хоёр нээлттэй хаалгаар шагайхад ахлах ангийнхан голдуу хүүхдүүд давтлага авч байлаа. Багшийн хичээл заахтай зэрэгцэн караокений цонхоор зохиолын дуу цуурайтна. Өдрийн цайны цаг дөнгөж өнгөрч байгаа ч цэнгээний газрууд хэдийн ажиллаж эхэлсэн бололтой. Бар, цэнгээний газруудын завсраар 2-3 зөрөх зайтай нарийхан гарц харагдана. Энэ бол 33 дугаар сургуулийн сурагчдын сургууль руугаа орж гардаг хойд талын гарц юм. 

Согтуу хөлчүү хүмүүс хөлхөх энэ зам урагшилбал Баян цээл буюу алхам тутамд караоке, буудалтай урт гудамжаар үргэлжилнэ.

Аль аль талаасаа хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч явахад хэцүүхэн газраар хүүхдүүд ийнхүү хичээлдээ ирж очиж байна.

Сургуулийн үүдэнд таарах сурагчидтай энэ талаар ярилцахад хичээлээ тараад харьж явахдаа бага их хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьж байлаа. Тэдний хувьд сургуулийн орчинд согтуу хүмүүс унтаж байгааг харах, архи тамхины эхүүн үнэртэй хүмүүстэй зөрж өнгөрөх нь энгийн л үзэгдэл болжээ. 

Бичлэг үзэх:

Сурагчид уг асуудлаар ийнхүү ярьж байна.

Сурагчдыг уруу татах оролдлого нэлээд гардаг

/33 дугаар сургуулийн 10ё ангийн сурагч Б.Батгэрэл/

Манай сургуулийн ахлах ангийн охиныг гэр рүүгээ явах замд нь хоёр ах араас нь сэм дагаад дуудсан гэсэн. Айсандаа сонсоогүй юм шиг алхтал араас нь тэвэрснээ “Тоглосон юм аа” гээд явсан талаар дуулсан. Энэ мэтийн хүүхдийг айлган сүрдүүлэх асуудал нэлээд гардаг. Өсвөр насны хүүхдүүд чөлөөт хувцастай явахад бие махбодын хувьд зарим ах эгч нараас  ялгардаггүй. Тийм учраас “Буудал, караоке байна, орох уу” гэх мэтээр сурагч хүүхдүүдийг  татаж чангаах явдал гардаг талаар үеийнхнээсээ сонсож байсан.  


Хичээлийн бус цагаар даалгавар, бие даалтаа хийх орчин байдаггүй

/33 дугаар сургуулийн 10г ангийн сурагч  Аззаяа/

Хичээлийн бус цагаар даалгавар, бие даалтаа хийх орчин нөхцөл бараг алга. Хичээл тарсан л тэр бүр сургууль руу оруулдаггүй. Анги танхимын хүрэлцээ ч муу. Хамтдаа хийх бие даалтаа кофе шоп, үйлчилгээний газруудад хийдэг. Сурагчдын хувьд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг учраас цэнгээний газруудыг цэгцэлж өгөөсэй, нэг ч гэсэн номын  сан барьж өгөөсэй гэж хүсэж байна.

33 дугаар сургуулийн эсрэг талд байрлах цэнгээний газар

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд:

6.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.


Уг нь хуульд ингэж заажээ. Гэтэл ЕБС-ийн сургуулийн хашаанд шахам цэнгээний газар ажиллаж тамхи, архи согтууруулах ундаагаар үйлчилсээр, тус сургуулийн хүүхдүүд болзошгүй бүх төрлийн эрсдэлд байгаа ч үл тоон арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. 

Энэ нь нийслэл төдийгүй, Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хүүхдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарал хандуулж ирсэний нэг илрэл юм. Нийгэмд хүүхэдтэй холбоотой хэрэг гарсан даруйдаа л нийгмийн сүлжээнд шуугиад, харамсаад л өнгөрдөг. Үнэндээ хүүхдүүдийн төлөө харамсаж халаглахаас илүү асуудал гарахаас нь өмнө анхаарал хандуулах цаг болсныг энэхүү сургуулийн орчин харуулж байна. Энэ талаар БЗД-ийн 3 дугаар хорооны зохион байгуулагч М.Өнөр-Эрдэнээс тодрууллаа.


Тэрбээр “Сансар” үйлчилгээний төвийн ойр орчимд л гэхэд нийт 23 караоке үйл ажиллагаа явуулж байна. Харахад цөөн юм шиг харагддаг боловч нэг хаягийн доор 2-3 газар үйл ажиллагаа явуулдаг, эдгээр газрууд өглөө 5 цаг хүртэл ажилладаг. Гэтэл яг энэ орчмыг сургуулийн хүүхдүүд дайрч өнгөрдөг. 33 дугаар сургуулиас гадна 10,50,61 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн ирж очдог ганц төв зам нь энэ зам. Орой 5-6 цагийн үед  сургууль тарахад цэнгээний газрууд аль хэдийн ажиллаад эхэлчихдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс бөөлжиж, эндээ согтоод уначихна. Зүй бус үйлдэл гаргана. Энэ бол байдаг л үзэгдэл. Үүрийн 5 цаг хүртэл ажилласан газрууд өглөө хогоо гаргаж хаяхтай зэрэгцээд согтууруулах ундааны шавхрууг нь нийлүүлж уудаг гудамжны хүмүүс ч цуглардаг" хэмээн хэллээ.


Хамгийн аюулгүй, тайван байх ёстой орчиндоо хүүхдүүд айдас түгшүүр мэдрэх, гэмт хэргийн хохирогч болох нь  байж боломгүй зөрчил. Шийдэл нь чухам юу вэ?

Сургуулийн орчин хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш Г.Золжаргаланаас тодруулахад “Үе тэнгийн дээрэлхэлт, сургуулийн орчин дахь хүчирхийлэл үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл бол яах аргагүй хүрээлэн буй орчны асуудал. Энэ бол зөвхөн барилга байшингийн тухай яриа биш юм. Эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт, сургууль, энэ чиглэлээр ажилладаг хүмүүс, эргэн тойронд нь үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хамтын асуудал гэсэн үг. Тиймээс бизнесээ эхлүүлэхээсээ өмнө хүүхдэд ээлтэй байна уу гэдгээ бодож үзэх учиртай. Ээлтэй орчин гэдэг нэг нэгэндээ хэр санаа тавьж байна вэ гэдгээр хэмжигддэг.” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.