Видео: Оюутнууд сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэв

Б.Баясгалан
08 сарын 14, 2018

Бензин шатахууны үнийн өсөлт их, дээд сургуулийн сургалтын төлбөрт нөлөөлж байна хэмээн "Ардчилсан оюутны холбоо"-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Ардчилсан оюутны холбоо” өнөөдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг хүргүүлжээ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэх ёстой бөгөөд энэ сарын 22-нд тус холбооноос дахин хэвлэлийн бага хурал хийх аж.

Тэд мэдээллийнхээ үеэр "Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг, эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгааг энэ үеэр “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11.900-19.200 төгрөгөөр, ШУТИС 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Мөн 2014-2017 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байдлыг “Ардчилсан оюутны холбоо”-оос судлахад МУИС хамгийн их буюу 69.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар тус тус сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн үзүүлэлт гарсан.

Үүний зэрэгцээ жил бүр 15 мянган оюутан дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг төдийгүй сургалтын төлбөрийг дагаж үнэ нь нэмэгддэг. Мөн жил бүр их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулдаг бөгөөд үнэ, тарифын тогтсон стандарт байдаггүй" гэдгийг онцлов.

Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин огт нэмэгдээгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байгаа нь харьцангуй үзүүлэлт гэдгийг хэллээ .

 

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.