Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхэлж байна. Тэрбээр Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 4-нд очсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитин, Гадаад хэргийн дэд сайд В.В.Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын зэрэг албаны хүмүүс Владивостокийн нисэх онгоцны буудалд угтан авав.

Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нартай уулзана

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

“Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа. ОХУ-ын хувьд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор форумыг зохион байгуулж гадаадын бизнесмэнүүд болон төр, засгийн тэргүүнүүдийг урьж оролцуулдаг юм.

Энэ үеэр ОХУ-ын талаас  Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна.

“Восточный” боомтоор 34,8 сая тонн ачаа тээвэрлэжээ

“Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм. Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34,8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлжээ.

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далайн болон голын тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар нүүрс дамжуулан өнгөрүүлэх далайн боомтын үйл ажиллагааг газар дээр нь танилцуулсан байна.

Эх сурвалж: Рresident.mn