1936 оны нэгдүгээр сарын 20-нд VIII Эдуард Хаан Английн өмнө хүлээсэн эрх үүргээ авсан ч ердөө 12 сарын дараа титмээ өгөв. Ийнхүү 82 жилийн өмнө Эдуард хаан хайр дурлалын төлөө хаан ширээнээс татгалзсанаар өнөөгийн дүр зураг орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Ханхүү ч биш, хэдийнэ хаан болчихсон хүнийг эх орноос нь эргүүлж чадсан бүсгүйг Уоллис гэдэг. Уоллис бол Их Британийн гүнтэй ханилан суусан анхны Америк эмэгтэй. Гэхдээ хаанаас гаралтай нь сонин биш. Харин Эдуард хаантай ханилан суухаасаа өмнө хоёр нөхөртэй байсан нь тухайн цаг үедээ нүдний үзүүр болгож, англичуудын эх болох хүндтэй үүрэг хүлээх эрхгүй болгосон юм.


Wallis Simpson, WeddingТухайн цаг үед хаан хүн хоёр удаа гэрлэлтээ цуцалсан эмэгтэйтэй ханилна гэдэг хүлээн зөвшөөрч болохоор явдал яагаад ч биш байв. Ерөнхийдөө Английн сүм, Засгийн газар даяар тэр үедээ л салалтыг эсэргүүцдэг, салсан хүн нь амьд сэрүүн цагт дахиж гэрлэхийг хориглодог уламжлал, хуультай. Уоллис Ханхүүтэй хайр сэтгэлтэй болох үедээ нөхрөөсөө салаагүй байсан нь түүнд ирэх дарамтыг улам л нэмжээ. 

Бесси Уоллис Варфилд 1896 оны зургадугаар сарын 19-нд Пенсилванийн Блю Риж Саммитын хамгийн том зочид буудал Monterey Inn-д мэндэлжээ. Түүний аав Тикл Уоллис Варфилд гурилын томоохон наймаачин байсан бөгөөд орон нутагтаа “Балтиморын хамгийн алдартай иргэн” гэгддэг байж. Гэвч охиноо төрсөн жилийн намар уушгины хатгалгаа өвчнөөр таалал төгсөж, эхнэр Алис Монтаг, Уоллис Варфилд нар эгчийндээ амьдрахаар явсан гэнэ.

Уоллис 1916 оны дөрөвдүгээр сард Уин Спенсер гэх нэрээрээ зартай байлдааны онгоцны нисгэгч Бага Эрл Уинфилд Спенсертэй танилцаж тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 8-нд хуримлав. Спенсер ажлын шаардлагаар удаан хугацаанд хол явдаг, хахир хатуу зантай, ирэхээрээ ууж, согтуурхан Уоллид гар хүрчихдэг гэмтэй залуу. 

Уоллис онцгой гоо үзэсгэлэнтэй биш ч эрэгтэй хүн бүрийн хайрыг гүн харц, оршихуйгаараа татах увидастай бүсгүй. Эрчүүд түүнийг өөрийн болгох гэж бараг дугаарлах нь холгүй. Уоллисийн найз Диана Ангуло нэг удаа “Уоллис эрчүүдийг хуйлруулахдаа гаргууд. Түүний ухаалаг зан, бас эрчүүдэд өөрийн анхаарал халамжийг бүрэн зориулж чаддаг нь яг л хүн татах тусгай урлаг гэсэн үг” хэмээн дурсжээ.

Wallis Simpson

Уоллис, Спенсер хоёр 1927 онд гэр бүлээ цуцалсан. Уоллис Хятадад нөхөртэйгээ аялж яваад өөр залуугаас хүүхэдтэй болж авахуулсан. Үүнээс болж хүүхэд тээх боломжгүй болсон гэсэн цуу яриа бий. Гэхдээ Спенсер Уоллист гар хүрэхдээ хэвлий тус газар нь өшиглөснөөс үрийн зулай үнэрлэж чадаагүй гэдэг нь илүү ул суурьтай дүгнэлт юм. Ерөнхийдөө Уоллисийг Эдуард хаанаас холдуулахын тулд хэвлэл мэдээллээр "завхай хүүхэн", "биеэ үнэлэгч", "тоо томшгүй олон залуутай явалдсан" гэх мэтээр, алхам бүрийг нь захиалгатайгаар харлуулсан. Саяхныг хүртэл түүнийг ийм л өнцгөөс харж ирсэн билээ. 

Анхны нөхрөөсөө салаад удаагүй байтал аавынх нь хөрөнгийг эзэмшиж үлдсэн авга ах нь нас барж түүнд ердөө 15 мянган доллар үлдээснийг мэджээ. Угтаа бол Уоллист дор хаяж таван сая доллар ирэх ёстой байв.

Санхүүгийн хүндхэн байдалд орж бизнесийн санаа хайж явахдаа Уоллис Нью Йорк хотод хоёр дахь нөхөр Эрнест Симпсонтой танилцсан юм. Эрнест дөрвөн жил ханилсан эхнэртэй, нэг охинтой байсан ч Уоллисоос сэтгэлээ татаж чадаагүй, өөр олон эрчүүдийн адил. Ингээд эхнэрээсээ хууль ёсоор салмагцаа Уоллист гэрлэх санал тавьж 1928 оны долдугаар сарын 21-нд гэр бүл болов.

Симпсоны эцэг, эх Британи гаралтай, өөрөө Нью Йоркт төрж өссөн тул эхнэрээ дагуулан Англид суурьшихаар явлаа. Хос хоёр шинэ орон нутагт амархан дасаж, дээдсийн хүрээллийнхэнтэй амархан дотносож, гоёмсог байшинд амьдран ойр ойрхон хийдэг болжээ. Уоллис бусадтай хэл амаа амархан олдог, Америкийн шинэ содон соёлоор зочдоо хөгжөөдөг, маргаангүй сэтгэл татам бүсгүй билээ. 


Prince of Wales, Albert Duke of York, Prince HenryЭдуард Альберт Кристиан Георг Андрей Патрик Давид буюу Эдуард нь V Георг Хаан, Хатан хаан Мэригийн гурван хүүгийн ууган нь. Уэльсийн хунтайж Эдуард хаан ширээг залгамжлах дарааллын хамгийн эхэнд жагсаж, хаан хүний бүх л шаардлагыг хангасан, төрх байдал, боловсрол, зан ааш гээд бүх тохироо нь бүрдсэн, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн ханхүү. Хэрэв тэр жам ёсоороо хаан хэвээр үлдсэн бол өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Хатан хаан Элизабета гэж байхгүй биз ээ.  

Эдуардыг 20 настай байхад буюу 1914 онд Дэлхийн I дайн гарч тэрбээр Британийн армид элссэн. Эдуард ч бүсгүйчүүдийн сэтгэлийг татахдаа гаргууд, олон ч бүсгүйтэй уулздаг нэгэн байв. Одоогийн Хатан хаан II Элизабетын ээж Ханхүү Альберттай 1923 онд хуримласан ч үнэндээ ах Эдуардад нь хайртай байсан гэж Уоллис Симпсоны намтарч Хюго Уикерс үздэг. Тийм л хайр татам сайхан залуу гэсэн үг. Дашрамд, Ханхүү Альберт нь Английн хожмын хаан VI Георг билээ. Ээрүү, дотогшоогоо Альбертын талаар "King's Speech" нэртэй уран сайхны кино гарсан. 

Эдуард хаан болоход яг тохирох нэгэн ч өөрийнх нь зүгээс сэтгэл зүйн ямар ч бэлтгэл байгаагүй. Эдуардын дурлалт бүсгүй рүүгээ бичсэн захидлуудаас үзэхэд төрийн ажлыг залхуутай гэж боддог, ордны уйтгартай амьдралыг үзэн яддаг. Үүнээс илүү Америкийн орчин үеийн амьдралын хэв маяг, соёлд сонирхолтой нь харагддаг. Тухайлбал, Эдуардыг 1928 онд Кенид аялж явахад нь аав V Георгийн бие эрс муудсэн тухай мэдээ ирж, гэртээ яаралтай ирэхийг хүссэн ч үүнийг Ерөнхий сайдын явуулж буй улс төрийн заль мэх гээд харихгүйгээр шийджээ. 

Нэг далайн зайд, тэс өөр орчинд төрж өссөн энэ хоёр хүн хэрхэн XX зууны хамгийн агуу хайрын түүхийг бичилцэв. Эдуардын тухайн үеийн найз охин Телма Фурнесс Уоллис Симпсонтой найзууд байлаа. Телма авхай Эдуард, Уоллис хоёрыг танилцуулсан. Нэг удаа Фурнесс амралтын өдөр үнэг агнахаар Уоллис болон нөхөр Эрнестийг дээдсийн хүрээллийн бусад эрхмийн хамт  гэртээ урьсан байдаг. Фурнессын зочдын жагсаалтад Ханхүү Эдуард ч багтжээ. 

Залуучууд хамт цагийг хөгжилдөн өнгөрөөж, ерөнхийдөө энэ үед Эдуардын хараанд Уоллис өртсөн юм. Жишээ нь, Эдуард Британийн хөдөө орон нутгийн айлуудад төвийн халаалт хүргэх талаар ярьж байхад нь Уоллис түүнийг уйтгартай юм ярилаа гэсэн удаатай. Тэдний хамт байсан Уоллисийн найз Мэри Кирк Уоллис Ханхүүг шоглож, түүнтэй Америк маягаар нээлттэй харилцаж байсныг тэмдэглэлдээ бичсэн билээ. Хүмүүс Уоллисийг башир санаа өвөртөлж, Фурнессаас танилцуулж өгөхийг гуйж, ятгасан гэж ярьдаг ч баталгаа байхгүй. 

Үүнээс хойш Симпсон ажлын зорилгоор аялах нь ихэсч, энэ зуур Уоллис, Телма, Эдуард нар нэг нэгнийхээ үдэшлэгт очиж цагийг хамт өнгөрөөдөг байлаа. Тэр гурав шинэ жил хамт угтаж, дараахан нь Телма Америк руу аялсан. Энэ үеэр л Эдуардын хайр сэтгэл дүрэлзэн асаж Уоллист хамаг анхаарлаа зориулах болов. Түүнийг үнэтэй хувцас, үнэт эдлэлээр эрхлүүлж, ихэнх цагаа хамт өнгөрөөж, араас нь гүйх маягтай байжээ. Ингэн ингэсээр 1934 оны тавдугаар сар гэхэд Уоллис Ханхүү Эдуардын цорын ганц найз охин нь болов. Цорын ганц гэсний учир нь Эдуард олон эмэгтэйтэй уулздаг, үүнийгээ ч нэг их нуудаггүй байсных. Үүнээс харахад Эдуард Уоллисийг ямар их хайраар хайрласан нь тодорхой.

Уоллис энэ хугацаанд Эдуардын дүү, Ханхүү Георгтой уулзаж танилцжээ. Харин гэр бүлийнх нь бусад гишүүнтэй Георг, Гүнж Марина нарын хуримын үеэр албан ёсоор танилцсан байна. V Георг Хаан буюу Эдуардын аав Уоллис, Эрнест Симпсон нарыг зочдын жагсаалтаас хассан ч нэгэнт шийдсэн Ханхүүг зогсоож чадах зүйл ховор. Хуримын ёслолын үеэр Уоллистой ихэс дээдсийн гэр бүлийнхэн туйлын найрсаг байсан ч V Георг Хаан түүнийг ихэс дээдсийн оролцох дараа дараагийн арга хэмжээнд ирэхийг нь хориглосон юм. 

Ханхүү Эдуардын хайр сэтгэлийг юу ч зогсоож хүчрээгүй. Уоллисийг амтай бүхэн муу хэлж, амьдралд нь байсхийгээд байсан, байгаагүй эрчүүдийн жагсаалт гаргаж ирдэг ч Уоллисыг гэх сэтгэлийг нь холдуулаагүй. Зул сарын баярын дараа Уоллис, Эдуард нар цанаар гулгахаар Австри луу явж, Уоллист шинэ жилийн бэлэг болгон 82 мянган долларын үнэт эдлэл бэлэглэсэн байдаг. Уоллисийг гэсэн сэтгэлээ барьж чадахгүй байгаа нь гэр бүлийн харилцаанд нь сөргөөр нөлөөлж, нийгмийн байр суурийг нь унагаж байгааг Уоллис Эдуардад хэлсэн. Үнэндээ Уоллис Эрнестэд хайртай, салах нэг их бодолгүй, салсныхаа дараа ч захидлаар харилцаж найз нөхрийн харилцаатай байжээ. 

Гурван ханхүүгийн аав V Георг Хаан 1936 оны нэгдүгээр сарын 20-нд 70 насандаа таалал төгсөж, ууган хүү VIII Эдуард орыг нь залгамлав. Улс орныхоо өмнө үүрэг хүлээж англичуудын эцэг болсон ч зүрхнийхээ гүнд чин үнэнч хайр Уоллис Симпсоныг л насан туршдаа хайрлаж амьдрахыг хүсэж байлаа. 

The Duke, Duchess of Windsor, King Edward VIII, Wallis Simpson

Эдуард тухайн цагийн Ерөнхий сайд Стэнли Болдуинийг Букингемийн ордонд дуудаж, хатагтай Симпсонтой гэрлэмээр байгаагаа хэлжээ. Ноён Болдуин хариуд нь англичууд тэр эмэгтэйг хэзээ ч Хатан хаанаа гэж хүлээн зөвшөөрөхгүй, Английн сүмийн тэргүүн ч үүнийг эрс эсэргүүцнэ гэсэн хариу өгөв. Мөн Симпсон хатагтайтай гэрлэхгүйгээр зүгээр л амраг хосын харилцаатай байхыг зөвлөжээ.

Ийм хариулт Эдуард хүсээгүй. Тиймээс хайртай бүсгүйгээ өөрийн болгож амар сайхандаа жаргах цорын ганц арга бол хаан ширээнээс татгалзах гэдгийг тэр сайн мэдэж байлаа.

Ийнхүү Хаан Эдуард хайртай бүсгүйтэйгээ хамт байхын тулд 1936 оны арванхоёрдугаар сарын 10-нд огцрох бичигт гарын үсэг зурж “Улс орны өмнө хүлээсэн хариуцлагын хүнд ачааг үүрч, хаан хүний үүргээ хайртай бүсгүйнхээ тусламж дэмжлэггүйгээр биелүүлнэ гэдэг боломжгүй юм байна” хэмээн радиогоор хэлсэн мэдэгдэлдээ дурджээ. Үүний дараа бага дүү Альберт нь Английн VI Георг Хаан болж, өөрөө Виндзорын гүн хэвээр үлдсэн юм. 

Уоллис, Эдуард хоёр 1937 оны зургадугаар сарын 3-нд Францын Шато де Канде ордонд хуримласан аж. Хуримын ёслолд хүргэний талаас нэг ч хүн очоогүй. Уоллис түүнд нэг ч хүүхэд гаргаж өгөөгүй боловч энэ нь тэдний хайр сэтгэлд сэв суулгаагүй.

Ханхүү Эдуард хаан болсон дүүтэйгээ холбоотой байхыг их хүсэж байнга утсаар ярьдаг байлаа. Гэсэн ч одоогийн Хатан хаан Элизабетын ээж буюу Альбертын эхнэр "янхантай суусан ахтайгаа холбоотой байх нь өөрт нь муугаар нөлөөлнө" гэж ядмагхан дүгнэлт хийж яриулдаггүй байжээ. 

Гал халуун хайр дурлалын төлөө Уоллис нэр хүндээ, Эдуард хааны титмээ зольж, үүнийхээ ч хэргийг гарган Эдуардыг 1972 онд таалал төгсөх хүртэл үнэнчээр ханилсан. Уоллис үүнээс хойш 14 жилийн дараа буюу, 89 насандаа өөд болж, түүнийг Виндзор ордны ойролцоох Ихэс дээдсийн оршуулгын газарт, нөхрийнх нь дэргэд нутаглуулжээ. 

Хуримд нь очоогүй дээдсийн гэр бүлийнхэн Гэгээн Георгийн сүмд болсон Уоллисын үдэх ёслолд нь очсон нь насан туршид нь үзүүлсэн цорын ганц хүндэтгэл байв. Саяхныг хүртэл Уоллис л Эдуардын толгойг эргүүлж, мунхаглуулсан, завхай хүүхэн хатан болохыг хүссэн гэж хардаг байлаа. Харин түүний бичсэн захидал, тэмдэглэл зэргээс бусдын л адил зүрх сэтгэлтэй, гагцхүү дээдсийн гэр бүлийн гишүүнийг хайралсандаа л түмний нүдний үзүүр, хохирогч болсон нь илэрхий болсон юм. 

Түүгээр ч зогсохгүй Эдуард Уоллисын араас нохой шиг гүйсэн, айлын эрх хүүхэд шиг аашилдаг, өөрийг нь орхивол амиа хорлоно гэж сүрдүүлдэг, сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй гэж үзэж байна. Уоллис Эдуардыг хаан ширээнээсээ битгий татгалзаач гэж утсаар бараг 11 цаг гуйж, төрөл бүрээр ятгасан ч хүчрээгүй. Тиймээс Уоллис түүхэнд бичигдэж үлдсэн шигээ хорт могой байгаагүй билээ. 

Хэн ч юу ч гэсэн бай, тэдний хайр сэтгэл үнэн хэрэгтээ ямар байсныг тэд л хамгийн сайн мэдэх биз ээ.

Уоллис, Эдуард хоёрын түүхээс сэдэвлэсэн W.E. киноны хэсгээс. Тэдний анх танилцсан үе.