"Иодын хэрэглээ - Технологи дамжуулалт” уулзалт эрдэмтэд, хувийн хэвшил, БШУЯ, ЭМЯ, ШУТСан зэрэг төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан амжилттай зохион байгууллаа.  

Монгол Улс дахь иод дутлын эмгэгийн өнөөгийн байдал, иодын эрүүл мэндийн ач холбогдол танилцуулгаар эхэлж, малын иодын дутагдал, иод нь газар тариалантай хэрхэн холбогдох, органик иодыг хэрхэн хувийн хэвшлийнхэн амжилттай нутагшуулж, технологи дамжуулалтыг хийж буйг Түмэн шувуут ХХК, НВЦ” ХХК, “Нүүдэл жи” ХХК, “Грийн индастри” ХХК, “Силк роүд межик” ХХК жишээ дээр танилцуулав. 

Бичлэг үзэх:

Хүнсний бүтээгдэхүүнд органик иодын агууламжийг хэрхэн манай эрдэмтэд амжилттай тодорхойлж байгааг туршлагаас мөн хуваалцлаа. 

Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж,  эрдэмтэд - үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн бодит туршлага хуваалцсан нь цаашид олон олон хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаа ба хувийн хэвшил эрдэмтэдтэйгээ ажиллаж чадаж буй тод жишээ юм. 

Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах зорилгоор Экологи Хөгжил ТББ-тай Шинжлэх ухаан, технологийн сан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус Төрийн бус байгууллага нь артишок, иодтой бүтээгдэхүүн зэрэг  чиглэлээр технологи дамжуулж байсан туршлагатай юм. 

Энэ үеэр доктор, дэд профессор С.Өнөрсайхан "Монгол Улс дахь иод дутлын эмгэгийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн ач холбогдол" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, "Хүн амын дунд иоджуулсан давсны хэрэглээ буураад ирэнгүүт буцаагаад иод дутлын эмгэгийн тархалт өсөж байгаа. Ялангуяа бага насны буюу нэг хүртэлх насны хүүхдүүдийн бамбайн өвчин бүртгэгдэж байна. Энэ маань өсөлт давжаарах яваандаа тэнэгрэх ч эмгэгийг бий болгох аюултай. Нийт бамбай булчирхайн эмгэгээр өвдсөн 10 хүн тутмын 9 нь /89,4 хувь нь/ эмэгтэйчүүд байна. Бамбай булчирхайн эмгэгийг насны ангиллаар харвал 15 наснаас ихэссээр 40-49 насанд хамгийн өндөр өвчлөл бүртгэгддэг" гэдгийг онцоллоо.

Органик иодыг хүнсний үйлдвэрт ашиглан, баяжуулсан хүнсээр дамжуулан хүн амын органик иодын хэрэглээг нэмэгдүүлэх, йодын дутагдлыг богино хугацаанд арилгах зорилготой “Био йод – Урт насла, удаан жарга” үндэсний хөтөлбөрийн санаачлагч нь "Сайнбиотех компанийн захирал Я.Энхээ юм.  Тэрбээр уг хөтөлбөрийнхөө талаар ийнхүү ярьж байна.

Иод гэдэг бол ерөөсөө амьдралыг  тэтгэгч гол элемент. Хамгийн хэрэгтэй боловч нөхөхөд хамгийн хэцүү эрдэс. гэдгээрээ онцлог. Яагаад гэвэл маш их идэвхтэй, маш их дэвэрдэг. Өнөөдөр бид хэт их боловсруулсан хүнс хэрэглэснээс болоод урьд нь хүнснээсээ авчихдаг байсан иодоо авч чадахгүй байна. Органик хүнсний хэрэглээ багасахаар тэр хэмжээгээр авах ёстой бүх элэментийн хэмжээ хоёр дахин буурч байна гэсэн үг. Үүнээс болоод ганц иод ч биш бусад амин дэмийн дутагдалд ороод байна. Дутагдалд орсон витаминаа хүн нөхөөд уучихдаг, тариулчихаж болдог. Гэтэл иодыг болдоггүй.Үүнд учир байгаа юм. Хүн хэрэгцээт иодынхоо 95 хувийг хүнснээс авдаг. Тиймээс хүнсээ сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд мал сүргээ эрүүлжүүлэх, тариалан талбай, бэлчээрийн даацаа зохицуулах гээд урт хугацааны ажил шаардагдана. Богино хугацаанд хүнсээ баяжуулж шийдэж болно. 

ДЭМБ 100-150 мкг иод хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл Япончууд өдөртөө 3000 микро грамм иод хэрэглэж байна.Уг нь энэ заавраар япончууд хэдийнэ иодын хордлогод орсон байх ёстой шүү дээ. Тэд чанартай хүнсээрээ органик иод авч байгаад учир бий. Иймээс л бид иодыг зөв хэлбэрээр нь баяжуулж байна

Жишээ нь шар сүүний ундаанд 35-40 микрограмм иод байдаг. Хүүхдээ өглөө сургуульдаа явахад нь хоёр ширхэг өгөөд явуулахад 80 микрограмм иодоо авна гэсэн үг. Энэ нь хүүхдийн өдрийн хэрэглээний 80 хувь. Ингэснээр хүүхэд иодын дутагдалд орохгүй. Үүний хажуугаар өөр хүнснээс ч бас авч байгаа шүү дээ. Энэ бол маш зөв хэлбэрээрээ иодоо авч байна гэсэн үг. Рекламдаж байгаа юм биш. Та бүхэн иодоор баяжуулсан ийм логотой хүнсийг түлхүү авч хэрэглэж өөрсдөө ч эрүүлжиж ААН-үүдээ ч гэсэн дэмжээрэй.

Бичлэг үзэх: