Хаврын улиралд хүний дархлаа сулардаг, үүнээс гадна ковидын халдвар авсан хүмүүсийн хувьд үс унах, ядрах зэрэг олон шинж тэмдэг илэрч байгаа аж. Үүнтэй холбогдуулан Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC эмнэлгийн их эмч, нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Өлзийхишигтэй ярилцлаа.


-Эрдэс амин дэмийн дутагдалд орсон хүмүүс ковидын халдвар түлхүү авч байгааг судлаачид мэдэгдэж байсан.  Шинжилгээнээс үзэхэд голдуу аль төрлийн амин дэмийн дутагдал илэрдэг вэ?

-Ихэнх хүмүүс Д, С амин дэмийн дутагдалтай байгаа нь шинжилгээний дүнгээс харагддаг. Ядаргаанд орчихлоо гэж гэж ирсэн аль эсвэл ковидын халдвараар дахин өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь энэ төрлийн амин дэм, мөн дархлааны урвал оролцдог эрдэс бодисын дутагдалд орчихсон ирдэг. 

Бас стресс ихтэй, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүст В- ийн төрлийн амин дэмийн дутагдал илрэх нь элбэг байна.Үүнийгээ мэдэлгүй ядаргаанд орчихлоо гэж андуурч явсаар ковид халдварт өртөх цаашлаад ужиг өвчний суурийг тавиад байна.

Уг нь ядарч сульдах, үс унах, толгой өвдөх гээд янз бүрийн шинж тэмдэг илэрнэ л дээ. Манайхан энэ үед эрдэс амин дэмийн дутагдлаа оношлуулаад л хэрэгцээт амин дэмээ уухаа төдийлөн мэддэггүй. Голдуу бие өвддөг болчихлоо, нэгмөсөн дараа эмнэлэгт үзүүлнэ гэж хойш тавьсаар өвчин эмгэгт өртдөг нь үзүүлж байгаа хүмүүсээс нэлээд анзаарагдаж байна.

Бичлэг үзэх:

 


-Ковидын халдвараар өвдсөн хүмүүсийн дунд үс унах шинж тэмдэг нэлээд байна гэсэн, үнэн үү?

-Ковидын халдвараар өвчилсний дараа үс нь туг тугаараа унасан, нэлээд хэсэг газраараа халцарсан хүмүүс нэлээд ирсэн. Нэмээд хаврын ядаргаатай хавсраад бүр ч их ядарч сульдсан шинж тэмдэг илэрч байна.
Яагаад гэхээр хүний бие вирустэй тэмцэхийн тулд хамаг чадлаараа ажиллаж байгаа шүү дээ. Ингэж туйлдатлаа ажилласан эрхтэн систем гэнэтийн цочролд орж янз бүрийн шинж тэмдэг илэрдэг.

Амин дэм, эрдэс бодисоо оношлуулж байгаа хүмүүст хамгийн түгээмэл анзаарагдсан нь үс уналт. Өмнө нь яаж ч их ачаалалтай ажилласан ч ингэж ихээр унаж үзээгүй гэж хүмүүс ярьж байна.  Харахад үс унаж байгаа төдий боловч ковидын халдварын нөлөөгөөр эрдэс бодис, амин дэмийн дутагдалд орчихсон хэрэг.

Харин биедээ анхаардаг, өмнө нь оношлуулж үзүүлдэг, цаг тухайд нь амин дэм, эрдэс бодисоо нөхдөг хүмүүс ажрахгүй даваад гарч байна.


-Тэгвэл эсрэгээрээ хүмүүст илүүдсэн эрдэс бодис нь юу байдаг вэ?
-Сүүлийн үед хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол сайжирч, үүн дээр хянамгай ханддаг болсон. Тиймээс Д амин дэмийг замбараагүй хэрэглэхээ больсон. 

Харин цайрын хэрэглээгээ хэтрүүлэх хандлага нэлээд ажиглагдаж байна.

Монголчууд бид махны хэрэглээ ихтэй ард түмэн. Мах цайрын агууламж өндөртэй. Гэтэл дархлаанд, үс уналтад ер нь бүх зүйлд сайн гээд цайр л сайн гэсэн ойлголттой болчихжээ, иймээс хэтрүүлж хэрэглээд байна. 

Мэдээж цайр олон талын ач тустай эрдэс хэдий ч илүүдүүлж хэрэглэвэл эсрэгээрээ гэдэсний ханыг бохирдуулдаг, өтгөн хатаж, ахиад л эрдэс бодисын шимэгдэлтийг багасгадаг. Тиймээс заавал хяналттайгаар хэрэглэх ёстой юм шүү.

Ялангуяа махны хэрэглээ өндөртэй манайханд цайр барагтай бол дутагддаггүй нь шинжилгээний дүнгээс харагддаг.


-Шаардлагатай амин дэмээ ууж байгаа ч нөхөгдөхгүй тохиолдол гэж байх уу?

-Уг нь хүн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсээсээ ямар амин дэм, эрдэс бодистэй хэрэглэгдэж байгаагaa тооцож мэдэх боломжтой. Хэрвээ мэдэхгүй байгаа тохиолдолд зориулалтын аппаратаар оношлуулж дутагдсан амин дэмээ мэдэж авах чухал байдаг. Ингэснээр бие дэх эрдэс бодисоос гадна усны хэмжээгээ мэдэх боломжтой.

Ялангуяа ковидоор өвчилсөн хүмүүсийн хувьд хэдийгээр нэмэлт С витамин, аспирин С уухыг зөвлөдөг. Гэтэл Витамин С зуурамтхай, өтгөн шинж чанартай тул усаа өмнөхөөсөө ч илүү ууж байж биед шингэдэг.

Өтгөн хатдаг хүмүүс бүр ч сайн анхаарч байх ёстой юм. Учир нь хүний нарийн гэдэс хүний хэрэгцээт амин дэм, эрдэс бодисыг шимэгдүүлэх чухал үүрэгтэй. Манайхны хувьд мах, нүүрс ус буюу гурилан бүтээгдэхүүний хэрэглээ ихтэй. 

Ялангуяа ковидоор өвдсөн хүмүүст цусны бүлэн үүсгэх өндөр эрсдэлтэй учраас аспирин уухыг зөвлөж байна. Гэтэл аспириний үйлдэл нь цусны дүрст элементүүдийн бөөгнөрөлийг эмчлэх үүрэгтэй. Аспирин хэрэглэх нь энэхүү цус өтгөрөх, бүлэнт хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхгүй учраас дасгал хөдөлгөөн хийх, шингэн зүйл ууж эргэлдэх шингэний хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай.

Манайд оношлуулсан ихэнх эрдэс, амин алдагдалтай хүмүүсийн дийлэнх нь өтгөн хатдаг эсвэл ковидын халдвараар өвдсөн хүмүүс байна. Сүүлийн үед цагаан хоолтнууд ч бас эрдэс амин дэмийн дутагдлаар нэлээд оношлогдсон.

-Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их жиндээ анхаардаг улирал хавар шүү дээ. Ер нь жин хаях үед хүн эрдэс бодисоо хэр алддаг вэ?
-Сүүлийн үед буруу дэглэм барьснаасаа болоод ядарч сульдсан, эрдэс амин дэмийн дутагдалд орсон хүмүүс нэлээд оношлогдох болсон. Манайхан өлсвөл сайн гээд гэнэт хоолоо сойчихдог. Мацаг гэдэг зүйлийг зөв барихгүй байна л гэсэн үг. 

Гэнэт огцом идээд, эсвэл юу ч идэхгүй байхаар хүний биеийн эрдэс бодис, амин дэмийн баланс алдагдчихдаг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.

Хүний эрхтэн тогтолцоо өөрөө дасан зохицох механизмтэй тул дэглэм, мацаг барихдаа бага багаар дасгахгүй гэнэт юу ч идэхгүй болохоор бодисын солилцоо алдагддаг.  Өөрөөр хэлбэл хамаг бодисын солилцоо стрессийн уураг руу чиглэгдэж эрдэс бодисоо алдаж эхэлдэг. Нэгэнт ядарсан бие дээрээ нэмээд өлсөөд эхэлбэл яваандаа хүнд өвчин урхагийн эхлэлийг ч тавих магадлалтай.

Уг нь хүний бие тун ухаалаг. Эхлээд хоол сойх цагаа бага багаар нэмээд байвал эд эрхтэн үүндээ дасаж эхэлдэг. Ер нь жингээ хаясан хүмүүсийг аль болох эрдэс бодис амин дэмийн тэнцвэр хэр байгаагаа оношлуулаасай гэж боддог.


-Хаврын цагт хүний бие сульддаг, эрдэс бодисын дутагдлаас үүдсэн шинж тэмдэг хамгийн их илэрдэг нь ямар шалтгаантай юм бэ
?
-Өвлийн цагт хүний дархлаа ялангуяа дархлалын механизм эрчимтэй ажилладаг. Өвлийн улирлыг давсан эрхтэн системд туйлдаж ядарсан байдаг. Тийм учраас хавар хүн ядардаг, алдсан эрдэс бодис, амин дэмээ нөхөх шаардлагатай болдог. Иймээс л хавар эрдэс бодис, амин дэмийн тэнцвэрээ үзүүлж, яг л шаардлагатай амин дэмээ ууж байхыг эмч нар зөвлөдөг.


-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь түлхүү эрдэс бодис, амин дэмийн дутагдалд ордог вэ?

-Манайд үзүүлж байгаагаас харахад эрэгтэй эмэгтэй гэлтгүй л амин дэмийн дутагдалд орчихсон байдаг. Тэгсэн хэрнээ эрэгтэйчүүд нь түүнээм хамаарсан шинж тэмдэг илэрч байгааг нь асуухаар “Зүгээрээ, тэгээгүй ээ, мэдэхгүй” л гэдэг. Уг нь бол шинж тэмдэг илэрч, бие нь хямарч байгаа.

Манайхан ажил амьдрал гэж явсаар анзаардаггүй юм шиг санагддаг. Гэтэл өнөөдөр эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдээс арван насаар бага байна шүү дээ. Тиймээс эрэгтэйчүүдийг ч гэсэн энэ төрлийн шинжилгээ өг байгаасай гэж боддог. Хаврын улирал дархлаандаа анхаарах хамгийн гол цаг шүү.

Үс уналт гэхэд заавал тохиолдох ёстой зүйл биш. Эртхэн оношлуулаад амин дэм, эрдэс бодисоо уувал гоо сайхан төдийгүй эрүүл мэндэдээ оруулж байгаа том хувь нэмэр шүү.


Эрдэс бодисын хүний бие организмд гүйцэтгэх үүрэг 

НАТРИ БА КАЛИ

Натри, кали нь биед усны агууламжийг зохицуулж, булчингийн ажил болон олон төрлийн бодисын солилцоонд оролцдог. Кали нь мэдрэлийн болон булчингийн ажилд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхжүүлнэ.

КАЛЬЦИ 

 

Кальци нь яс болон шүдний чухал материал болдог.

Бие махбодод кальци дутагдах нь яс кальциар хомсдож яс хэврэгших, шүдний ургалт муудах, цусны бүлэгнэлт муудах, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрнэ.

ФОСФОР 

Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна.Фосфор дутагдахад яс шархирч өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.

МАГНИ

Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. 

Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахрын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.

ТӨМӨР 

 

Төмөр нь цусанд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй.

Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, хэв нь өөрчлөгдөх, төмөр дутлаас үүдэлтэй цус багадах, ходоодны хүчил багадаж, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрдэг.

ИОД

Иод нь бамбай булчирхайн даавар триоксинийг үүсгэх, идэвхжүүлэхэд гол үүрэгтэй. 

Иод дутагдахад сэтгэл санаа тогтворгүй болох, таргалах, бие сульдах, оюуны чадвар буурах, бамбай булчирхай томрох, бамбай булчирхайн үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ФТОР 

Фтор яс шүдний бэхжилтийг сайжруулдаг.

Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг.

ЦАЙР

Цайр нь олонх ферментийн бүрэлдэхүүнд оролцож түүний идэвхид нөлөөлнө. Хүүхэд , насанд хүрэгчдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварыг сайжруулна.Цайр дутагдахад судас хатуурах, цус багадалт зэрэг шинж илэрдэг.

СЕЛЕН 

Селен нь хөгшрөлтийг сааруулж, биеийн дархлааг сэргээж, хавдрын эсрэг тэмцэгч чухал микро эрдэс бодис юм. Мөн цэвэршилтийн үед сэтгэл санааг тогтвортой байлгахад тустай. 

Селен дутагдахад хөгшрөлт эрт явагдах, зүрхний булчингийн үйл ажиллагаа саарах, дархлаа суларч, шархны эдгэрэлт удаашрах шинж илэрдэг.

Эх сурвалж: НЭМҮТ