Хоол боловсруулах тухайд олон жилийн турш үлгэр домог мэт яриа хөвөрсөөр ирсэн. Нэг хэсэг нь хүний бие бохь зажлах чадваргүй, нөгөө хэсэг нь буурцаг бусад хоолноос илүү хий агуулж, гэдэс дүүрэх шалтгаан болдог гэлцдэг. Магадгүй хоол идсэний дараа усанд орохоосоо өмнө 30 минут хүлээх хэрэгтэй гэдэг хамгийн түгээмэл “домог” биз ээ. 

Мэдээжийн хэрэг, домог бүр судалгаагаар няцаагдсаар ирж. Хүний бие бохь зажлах чадвартай, буурцагнаас илүү сүүн бүтээгдэхүүн хамгийн их хий хуримтлуулдаг, мөн “Майо” клиникийн мэдээлснээр, хоол идсэний дараа усанд сэлэхийн тулд хүлээх шаардлагатайг нотлох шинжлэх ухааны үндэслэл байхгүй ажээ.

“USA Today” сонинд АНУ-ын мэргэжилтнүүд хүний хоол хүнс боловсруулах, шингээх үйл явцын талаар сонирхолтой мэдээлэл нийтлүүлжээ. Түүнд хоол боловсруулах үйл явцыг “хүний бие идсэн зүйлсээ задалж, шингэрүүлж, хэрэгцээт эд эрхтэнүүддээ хуваарилах үзэгдэл” гэж энгийнээр тайлбарласан байна. 

“Jen Messer Nutrition” компанийн шим тэжээлийн зөвлөх Йен Мессер хоол боловсруулах үйл явц таван үе шаттай явагддагийг тайлбарлажээ. 

Тэрбээр зажлах, залгих нь хоол хүнсийг буталж, шүлсний ферменттэй холих үе шат. Дараа нь зажлагдсан хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. Энд ходоодны шүүс, илүү их ферменттэй холилдож, механик задрал явагддаг. Үүний дараа нарийн гэдсэнд шим тэжээл шингээх явц эхэлдэг гэжээ.

Эндээс цусны эргэлтийн систем шим тэжээлийн бодисуудыг бие махбодын өөр өөр хэсгүүдэд дамжуулж, хадгалах, ашиглах үйл явц эхэлдэг. Үлдсэн хэсгийг бүдүүн гэдсэнд илгээж, дахин шингээх явц үргэлжилдэг байна. Эндээс үлдсэн хэрэгцээгүй болон ашиглагдаж амжаагүй бүх хэсэг ялгадас болон хүний биеэс гадагшилдаг байна.

Хоол хүнс шингээх үе шат бүр өөр өөрийн үргэлжлэх хугацаатай. Нэгдүгээр шат нь хамгийн богино буюу хэдхэн секунд үргэлжилдэг байна. Хоёр дахь шат нь 2-4 цаг, нарийн гэдсэнд боловсрогдох үе шат 4-6 цаг үргэлжилдэг байна. Хамгийн сүүлийн үе шат хүн бүрийн хувьд янз бүр байдаг ч ерөнхийдөө 12-24 цагийн хугацаанд үргэлжилдэг аж.

Нас нэмэх тусам хоол боловсруулах үйл явц удааширдаг нь батлагджээ. Мөн стрессийн түвшин чухал нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, хоол боловсруулахад ашиглагддаг бодисууд энэ үед стресс, түгшүүрийн эх үүсвэртэй тэмцэхэд зориулагдаж, үүрэг нь солигддог тул боловсруулалт нь удааширдаг ажээ.

Профессор Янгийн тодорхойлсноор, хамгийн удаан боловсордог хоол хүнс нь “Тарган мах, шарсан хүнс, хагас боловсруулсан хүнс” гэнэ. 

Өөх тос их агуулсан хүнс задрахдаа хамгийн их цаг зарцуулдаг. Нөгөө талаар уураг болон эслэг хүнс цатгалан мэдрэмжийг хамгийн удаан хадгалж, хамгийн урт хугацаанд задардаг байна.

Аризона мужийн Mayo Clinic эмнэлгийн гастроэнтерологич Жэми Беринг "Их ус уух нь хоол боловсруулалтыг хурдасгахад нэмэртэй" гэж зөвлөжээ.

Судлаачид хамгийн түргэн шингэдэг хоолоор нүүрс усны агуулгатай болон чихэрлэг хүнсийг нэрлэсэн байна.

Мессер “Тамирчдад гадил, бал, жимс хэрэглэж, спортын ундаа уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг нь үүнтэй холбоотой. Бас чанаж болгосон хүнсний ногоо, өндөг, цагаан будаа, салмон загас богино хугацаанд хүний биед хамгийн сайн шингэдэг. Хүн бүрийн бие махбод өөр өөрийн онцлогтой тул ямар ч хоол хүнс хэрэглэсэн өөрийн биеийг чагнаж, мэдрэх нь хамгийн чухал" гэж зөвлөжээ.