Залхуурал бол орчин үеийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг. Хүн бүр л дараагийн даваа гарагаас амьдралаа шинээр эхэлнэ, гадаад хэл сурна, фитнест явна, гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж өөртөө амлалт өгч байсан болов уу.

Өдөр, хоног, сарууд өнгөрсөөр л... Залхуурал гэх мөнхийн дайсан бидний бүх хүсэл, эрмэлзлийг үгүй хийсээр... Япон улсаас гаралтай Кайдзен хэмээх аргын тусламжтайгаар бид залхуурлаа амархан ялан дийлэх боломжтой юм.


Кайдзен буюу “1 минутын зарчим”

Кайдзен хэмээх үг нь “кай” (өөрчлөлт) болон “дзен” (мэргэн ухаан) гэсэн үгүүдээс бүтдэг. Энэхүү Дорнын ухааны тусламжтайгаар хийх ёстой зүйлээ 1 минутын дотор хийж дусган залхуурлыг ялан дийлэх ажээ. Кайдзен бол бүхэл бүтэн философи, амьдралын ухаан бөгөөд бизнест ч, хувийн амьдралдаа ч амжилттай хэрэгжүүлж болохуйц арга юм.

Кайдзен, кайдзэн (яп. 改善, Kaizen; кайзен гэвэл өөр утгатай үг болно) – үйлдвэрлэлийн бүхий л үйл явц, боловсруулалт, бизнес, үйлчилгээ, удирдлага болон амьдралын бүхий л асуудлыг тасралтгүй шийдвэрлэх, шинэчлэн сайжруулахад чиглэсэн Япон ардын ухаан, философи. Уг аргын гол учир нь юунд байдаг вэ гэхлээр – зарцуулах хугацаа нь маш богино тул хүн хамгийн дургүй ажлаа ч гэсэн хурдан хийчихье гэж боддог: ганцхан минут шүү дээ! Дараа нь дуртай зүйлээ үргэлжлүүлж болно. 

Кайдзен зарчим нь дараах таван “S”-д тулгуурладаг: 

  • Seiri – цэмцгэр байдал 
  • Seiton – эмх цэгц 
  • Seiso– цэвэрч байдал 
  • Seiketsu – стандартчилал 
  • Shitsuke – сахилга бат 

Өдөрт 1 минут ч болтугай хийх ёстой зүйлээ хийснээр хүн аажмаар өөртөө итгэлтэй болж, гэмших, өөрийгөө буруутгах мэдрэмжээсээ салан, амжилтын амтыг мэдэрч эхэлдэг. Амжилтдаа амташсан хүн 1 минутын ажлаа үргэлжлүүлэн хийж, 5 минут болгон уртасгана. Энэ байдлаараа ажилдаа гаршиж, маш их дэвшил гаргаж чаддаг. 


Хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

Гол зарчим бол хийх ёстой ажлаа яг 1 минутын турш хий, гэхдээ өдөр тутам нэг ижил цагт. 1 минут гэдэг хамгийн залхуу хүний хувьд ч маш бага хугацаа тул хойш сууж, өөрийгөө өмөөрөх утгагүй санагдана. Гэдэсний таталт эсвэл планк хийх, нүдний дасгал хийх, хэдэн гадаад үг сурах – цаг хугацаа 1 минутын л хязгаартай тул эдгээр ажлууд хийхэд тун амархан санагдана. Тэр байтугай тааламжтай, сэтгэл ханамжтай мэдрэмж төрүүлнэ. 


Таны үйлдлийн алгоритм ийм байна: 

Устгах (Seiri Дэс дараалалд оруулах (Seiton) Цэвэрлэх (Seiso) Хэрэгжүүлэх (Shitsuke)

Жижиг ч гэсэн алхмуудыг хийснээр та аажмаар ажилдаа гаршиж, өндөр үр дүнд хүрч чадна. 


Кайдзен аргыг хэрэгжүүлэхээр шийдсэн хүмүүст өгөх зөвлөгөө 

Кайдзен зарчмыг бүх салбарт хэрэгжүүлж болно. Хамгийн чухал нь тогтмол хийж, үндсэн дүрмийг баримтлах. 

Үндсэн дүрэм нь: Илүү дутуу зүйлсээс салах, нарийн систем зохиож, түүнийгээ тогтмол дагаж, сайжруулах. 


1. Өөр ажил хийж байх үедээ 1 минутын ажлаа хийнэ гэж бүү төлөвлө 

Уг аргыг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг бол унтахаас өмнө. Өдрийн турш юу хийснээс үл хамааран оронд орохоосоо өмнө та 1 минутыг гаргаж чадах нь гарцаагүй. 


2. Та ямар нэгэн зүйл хийхээс айж байгаа бол ганцхан минут гэдгийг сана 

Гэхдээ та зөрүүдэлсээр байвал минут чинь цаг болно. 


3. Өдөр бүр жижиг дэвшил гарцаагүй гарах ажлаар энэхүү зарчмыг хэрэгжүүлж эхэл 

Шууд л өндөр үр дүн гарна гэж хүлээх хэрэггүй. Нэг минутын дотор том ажил амжуулах хэцүү. Гэхдээ та өдөр тутам урагш алхаж чадна. 


4. Үргэлжлүүл 

Хэсэг хугацааны дараа та 1 минут хурдан өнгөрч байгаад сэтгэл тань гонсойдог болно. Хүн хийж дуусгасан ажлаасаа таашаал авах дуртай байдаг. Иймд та үнэхээр хүсэж байвал үргэлжлүүлэн хийгээрэй. Гэхдээ 10-20 минут, үүнээс хэтрэх хэрэггүй. 


5. Тэр нэг минутаас таашаал ав 

Кайдзен зарчмыг хэрэгжүүлснээр та дотоод болон гадаад хог новшноосоо сална. Удалгүй та өдөр тутам хийдэг 1 минутаасаа халшрахаа больж тэсэн ядан хүлээдэг болно. Амжилтаасаа аз жаргал мэдэрч сураарай. 

Энэхүү Япон ардын ухаан хүнд өөртөө итгэлтэй байдлыг олж авахад тусалдаг юм. Цэвэрлэгээ хийх ч бай, гадаад хэл сурах ч бай Кайдзен аргыг хэрэгжүүлснээр ажлаа хийж чадахгүй байх вий гэсэн айдсаас салж, баяр баяслаар дүүрэн байх болно. Кайдзенийн философи Япон улсад Дэлхийн II дайны дараа үүссэн. Тэр цагаас хойш уг зарчмыг аж үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж, бараа, үйлчилгээний чанараа ихээхэн сайжруулж чадсан байна. 

Та ч гэсэн ажил, амьдралдаа хэрэгжүүлж амьдралын чанараа дээшлүүлээрэй.