МОСКВА. /RIA Novosti/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Брюссельд айлчлах үеэрээ Европын Холбоо болон НАТО-гийн өндөр албан тушаалын түшмэдтэй Крымийн хойгийг “буцаан авах” стратегийг хэлэлцэнэ гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель телевизийн “1+1” сувгаар мэдээлжээ.


“Украины засаг захиргаа Крымийн талаар мартсан гэж бүү бодоорой. Бид байнга зөвлөлдөж байгаа. Тодорхой шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ. Украины засаг захиргаа ил тод байхыг хүсэж байгаа боловч энэ шийдвэр гарахаас өмнө ямар нэгэн цуу яриа эсвэл шийдвэрүүдийн талаар ярихыг хүсэхгүй байна. Маргааш /2019.06.04/ Ерөнхийлөгч анхныхаа айлчлалыг хийх бөгөөд Крымийн асуудлыг хөндөнө” гэж Юлия Мендель хэлсэн байна.


Тэрбээр Крымийн хойгийн эзэмшлийн талаарх Украины байр суурь өөрчлөгдөөгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.


Зеленский зургадугаар сарын 4-нд Брюсселийг зорино. Энэ нь Украины шинэ Ерөнхийлөгчийн гадаадад хийж буй анхны айлчлал юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг