КИЕВ. /Ukrinform/. “Ард түмний зарц” нам ням гарагт их хурлаа хийж, Дээд Радагийн ээлжит бус сонгуульд оролцох нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг танилцуулжээ.


Нэр дэвшигчдийн жагсаалтын эхэнд тус намын дарга Разумков Дмитрий Александрович, Дээд Рада дахь ерөнхийлөгчийн төлөөлөгч Стефанчук Руслан Алексеевич, Засгийн газар дахь Зеленскийн төлөөлөгч Андрей Герус, хуульч Ирина Венедиктова, ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Федоров, тамирчин Жан Беленюк зэрэг хүмүүс бичигдсэн байна. 

"Квартал 95" студийн жүжигчин Юрий Корявченков Кривой Рог хотод нэр дэвшихээр болжээ. Разумковын мэдээлснээр, “Ард түмний зарц” нам нэг сарын туршид сонгогчдын хүсэлтийг хүлээж авах учраас жагсаалтад өөрчлөлт орж магадгүй байна. “Бидний зорилго бол эрс өөрчлөлт хийхийн тулд энэ мандатыг бодит болгох юм” гэж тэрбээр хэлжээ.


Дээд Радагийн сонгуулийн дараа “Ард түмний зарц” нам юуны түрүүнд парламентын гишүүдийн халдашгүй дархан байдлыг цуцлах асуудлыг тавина гэж Разумков цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн иргэдийн орлогыг “Европын дундаж түвшинд” хүргэж нэмэгдүүлэх болон татварын асуудлыг “цэгцлэх” арга хэмжээг эдийн засгийн салбарт  авах аж. Мөн эрүүл мэндийн салбарыг шинэчлэхээр төлөвлөжээ.


Ням гарагт болсон их хурлын үеэр тус намын улс төрийн хөтөлбөрийг баталсан байна.


"Рейтинг" төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, “Ард түмний зарц” нам сонгуульд ялах магадлал өндөр байгаа бөгөөд тус намаас нэр дэвшигчдийн төлөө сонгогчдын 48.2 хувь нь саналаа өгөхөд бэлэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг