Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөө өглөө АТГ-т мэдүүлэг өгчээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай асуудлаар мэдүүлэг өгсөн хэмээн цахим хуудсаараа мэдээллэв.

З.Энхболд "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авсан талаараа мэдүүлэг өгөхдөө тухайн үеийн УИХ-ын дарга намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авчихсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд гарч явна. 

УИХ-д мэдэгдэлгүй авсан гэдэг гурван жилийн өмнөх байр суурь минь одоог хүртэл хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш. Мөн АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ир гэж буй юм байна. Над шиг ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж үүнийг мэдэж байсан, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жил өөрийнх нь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс нь ойлгомжтой байгаа. Тиймээс энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгчихсөн нь дээр. 

Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улм авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг тухайн үед УИХ гаргах ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасан байгаа. Ямар ч мөнгөтэй компани юу ч худалдаж авч болно. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг эдэлж, улсдаа эдлүүлээгүй нь буруутаж байгаа болохоос зарсан ОХУ-ын буруу гэх арга алга. Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруутгаад байх зүйл алга. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж буй юм байна. Ажилд нь саад болохгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье" хэмээн мэдэгдлээ.