"Жолооны курсэд суралцагчид Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтдаа зургаагаас олон алдаж тэнцээгүй тохиолдолд автосургууль болон суралцагчийн овог, нэрийг мэдээлнэ" хэмээн ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс өнөөдөр мэдэгдлээ.

Тодруулбал, "Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын удирдлага багш нар урьдчилсан шалгалтад тэнцсэн суралцагчдыг л Замын хөдөлгөөний дүрмийн цахим шалгалтад оруулахыг мэдэгдье. Цаашид 6 буюу түүнээс олон алдаж, шалгалтад тэнцээгүй шалгуулагчийг автосургууль болон овог, нэрээр нь мэдээллэхийг анхааруулья" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдэв.

Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Жолооны курсийн багш, удирдлагууд суралцагчдаасаа урьдчилсан шалгалт авахгүйгээр шууд цахим шалгалтад оруулж байна. Ингэснээр шалгалтад тэнцэх боломжгүй хэт олон хүн шалгалт өгч маш их ачаалал үүсгэж байна. Тийм учраас жолооны курсуудад сануулга өгөх зорилгоор ийм арга хэмжээ авч байна. Гуравдугаар сарын 01-нээс хойш шалгалт өгөөд, олон алдсан тохиолдолд дээрх арга хэмжээг авна" хэмээлээ.

Жолооны курсууд урьдчилсан шалгалт авч суралцагчидаа бэлдэхгүйгээр шууд шалгалтад оруулсны, эсвэл суралцагчдаа сургаагүй мөртлөө жолоочийн үнэмлэх авах эрхийн шалгалтад оруулж шалгалт авч буй систем болон хүмүүст ачаалал үүсгэсний хариуцлага нь иргэний овог, нэрийг мэдээлэх байж болох уу.

Сануулга өгөх зорилгоор иргэний мэдээллийг нийтэлдэг байж болох уу.