ЗТХ-ийн яамнаас тусгай сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах аян эхлүүллээ

Б.Баясгалан
09 сарын 20, 2018

Тусгай цэцэрлэг, сургуулиудын орчныг жишиг байдлаар тохижуулах зорилготой “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” сайн үйлсийн аяныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачилан эхлүүлжээ.

Тус аяны талаар өнөөдөр холбогдох мэргэжилтэн болон зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.


Тусгай сургууль, цэцэрлэгийн ойр орчмын талбай, зам гарц хамгийн баталгаатай, тайван, хөл хөдөлгөөн багатай орчин байх учиртай. Гэвч сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургууль нь Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй хэсэг болох 100 айл орчимд байрладаг. Тухайн бүсэд хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл энгийн хүмүүс хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй төдийгүй зам тээврийн осол, хулгай, дээрэм, хүчирхийлэлд өртөх явдал ихээхэн гардаг байна.

Иймд Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын зүгээс дээрх сургуулийн орчныг жишиг байдлаар тохижуулахад олон нийтийг уриалж мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна өөрсдийн чадах хэмжээнд тохижилтын ажилд оролцох, материаллаг дэмжлэг үзүүлэхийг зорьж буй аж.

Тус яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад олон нийтийг уриаллаа. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч төлөөлөгчид болох УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү, БТСГ-ын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, СТА, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Сэтгүүлч Б.Болдко нар олон нийтийг уриалж тус аяныг дэмжин оролцож буй юм байна.

Дээрх ажлуудыг хийж тохижуулахад эхний ээлжид 300-аад сая төгрөг шаардлагатай бөгөөд ЗТХЯ-ны ажилтнууд, урлаг соёлынхон хамтран одоогийн байдлаар 50-аад сая төгрөг цуглуулжээ.

Тус аяндаа зориулж сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ДӨРВӨН БЭРХ ХӨГЖИЛ” санг нээсэн байна.

Тусгай цэцэрлэг, сургуулийн эргэн тойрныг тохижуулах, аюулгүй орчинд сурч хөгжихөд нь туслах зорилготой “ДӨРВӨН БЭРХ ХӨГЖИЛ” сангийн аянд нэгдэхийг нийт иргэдэд уриаллаа.

Уншигч та ЭНД дарж тусгай сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах аянд нэгдэж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.


Эх сурвалж: Дөрвөн бэрх хөгжил сан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.