Даралт ихсэлт,  чихрийн шижин зэрэг нь хяналтад байлгах боломжтой өвчин. Гол нь тоон үзүүлэлтүүдээ тэмдэглэж, өдөр тутамдаа харьцуулж, ажигладаг байх нь чухал. Peak.mn сайт эрүүл мэндийн булангийн ээлжит сурвалжилгаар артерийн даралт, чихрийн шижин, дислипедеми өвчний өөрийн хяналтын “Жаргалан” аппликейшны талаар бэлтгэлээ.

Уг аппликейшн нь нийгэмд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчин болох артерийн гипертези, чихрийн шижин, дислипидеми буюу өөх тосны эмгэгтэй хүмүүст зориулсан юм. Жаргалан төслийн хүрээнд хэрэгжиж, боловсруулагдаад хэрэглээнд ороод хагас жил болж байна. Эхний ээлжид Жаргалан менторшип хөтөлбөрт хамрагдсан өрхийн эмч нар түлхүү хэрэглээд өөрийн хяналтад байдаг өвчтэй хүмүүсээ бүртгэдэг болсон аж. Тэдний сэтгэгдэл, аппликейшн хэрэглэснээр гарсан үр дүн, туршлагыг хуваалцъя.

сахараа өглөө үзсэн ч тэмдэглэхгүй болохоор мартаад дунджаа өсөж байгааг анзаардаггүй 

"Сахараа өглөө өлөн дээр нь үзчихээд "За гайгүй юм байна" гээд цайгаа уугаад гараад явчихдаг байсан. Ингээд болоод байна, хянаад байна гэж боддог байлаа. Гэтэл байнга бичээд, тэмдэглэхгүй л бол чимээгүй хүндэрч байдаг юм билээ." гэж А.Батчимэг ярилаа. Тэрбээр чихрийн шижин өвчнөөр оношлогдоод 6 жил болж байгаа гэнэ. Энэ хугацаанд сахарын хэмжээгээ үзлээ ч тэр бүр тэмдэглэдэггүйгээс мартчихдаг. 3 сарын дундаж хэмжээгээ хэлж мэдэхгүй, хамгийн өндөр үзүүлэлтээ хэлээд л айж сандарч эмчдээ хандах үе ч байжээ. 

Бичлэг үзэх: 

Өнгөрсөн намраас Жаргалан аппликейшнаар сахарын үзүүлэлтээ өдөр тутамдаа өөрөө хянаж эхэлжээ. Ингэснээр ойр ойрхон  өрхийн эмнэлэгтээ ирэхгүй, эмчтэйгээ зайнаас харилцаж, цусан дахь сахар нь хэзээ өсөж байна, юунаас болж байна гээд шалтгаанаа цаг алдалгүй мэддэг болжээ.

Энэ талаараа тэрбээр "Урьд нь өглөө үзээд орой нь мартаад явахаар дундаж хэмжээгээ нэг их анзаардаггүй юм байна. Өдөр бүр хэмжээд, аппликейшн дээрээ бөглөхөөр дунджаа тогтмол барьж болж байна. Долоо хоног, сараар сахарын дундаж маань хэд байгаа нь хүснэгтээр гараад ирнэ. Энэ долоо хоногт 7 ммоль/лтой гарлаа гэхэд би үүнийгээ хараад “Энэ долоо хоногт арай их идчихжээ гадуур хооллочихлоо” гээд хоолоо тохируулаад явдаг болсон" гэлээ.

Жаргалан аппликейшн дээр цусан дахь сахарын хэмжилтийн мэдээлэл харагдаж буй загвар 


 өөрийн хяналт сайжирвал эмч дээр байнга ирэхгүй байсан ч аппликейшнээр зайнаас давхар хянах боломжтой

Жаргалан аппликейшнийг нэг талд өвчтөн өөрийн дата мэдээллийг оруулж байхад нөгөө талд өрхийн эмч нь Жаргалан эрүүл мэндийн системээрээ дамжуулаад алсаас иргэдийг хянах, мэдээлэл зөвлөмж өгөх, эмийн жор бичих боломжтой юм. Уг аппликейшнийг 100 орчим үйлчлүүлэгчээ бүртгүүлж, тогтмол хянаж байгаа СХД 6-р хорооны Гурванцүүр ӨЭМТ-ийн эмч С.Аззаяатай ярилцлаа. 

Тэрбээр "Бид тухайн үйлчлүүлэгчийнхээ регистрийг оруулахад тухайн хүний ерөнхий мэдээлэл, даралт, сахарын дэлгэрэнгүй үзүүлэлт нь он сараараа гарч ирнэ. Ингэснээрээ хяналтад бодитой үр дүн гаргаж байгаа нь ажиглагдаж байна. 

Иргэд маань өрхийн эмнэлэгт хандахдаа даралт эсвэл сахарын хэмжээгээ тодорхой мэдэхгүй багцаагаар хэлдэг эсвэл хамгийн өндөр даралтаа цээжилчихсэн байдаг.  Харин өдөр болгон тэмдэглээд ирсэн байвал ихэссэн үед нь ямар хоол идсэн бэ, та сайн унтаж амарсан байсан уу гэж тодруулаад  ихэссэн  шалтгааныг нь хүртэл олоод мэдчих боломжтой. 

Аппликейшн татаж авах дэлгэрэнгүй зааврыг ЭНД ДАРЖ аваарай.

Түүнчлэн чихрийн шижинтэй, артерийн даралт ихсэх өвчинтэй хүмүүс сардаа нэг удаа эсвэл 3 сардаа нэг удаа заавал өрхийн эмчдээ үзүүлэх ёстой байдаг. Гэтэл ирэхгүй алга болчихдог хүмүүс цөөнгүй бий. Хяналтынхаа хугацааг мартчихдаг нэг нь байхад, ажил ихтэй ирэх зав болсонгүй гэх тохиолдол ч олон гардаг. 

Тэгвэл Жаргалан аппликейшныг ашиглаад өөрийгөө хянаад тэмдэглэдэг болчихвол эмч дээрээ байнга ирэхгүй байсан ч бид эндээсээ давхар ажиглаад хянах боломжтой болчихсон. Үзүүлэлт нь анхаарал татахуйц өөрчлөгдвөл хяналтдаа ирж үзүүлээрэй гээд зурвас бичих, утсаар ярьж ч болно." гэж онцлон ярилаа.   

Жаргалан апп дээр цусны даралт хэмжих зааварын загвар зураг

Монголчуудын дунд эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа сошиал орчинд бичиж, зөвлөгөө тусламж асуух нь нийтлэг ажиглагддаг. Гэвч сошиал медиагаас авсан баталгаагүй мэдээллээс болж эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тэгвэл энэхүү Жаргалан апп-аар дамжуулан нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн олон улсад батлагдсан төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар Жаргалан төслийн ажилтан Г.Насандэлгэр "Энэхүү апликейшнаараа дамжуулж цусан дахь сахарын хэмжээ, даралтаа гэрийн нөхцөлд тогтмол хэмжиж хөтөлж эмчдээ үзүүлэхэд бүрэн дататай, баримттай очно. Тухайн баримт мэдээлэлд үндэслээд эмч нь мэдээлэл зөвлөмж өгөх, оношоо баталгаажуулахад илүү дөхөм болдог. Хоногийн энэ үед даралтны эмийг уугаарай, энэ үед ийм хоол хүнс түлхүү хэрэглээрэй гэдэг талаас мэдээлэл өгөөд, оношоо баталгаажуулахад нэлээд дөхөм болдог. 

Цаашдаа энэхүү аппликейшнаа улам сайн хөгжүүлж, доторх агуулгыг нь өргөжүүлээд илүү олон хүнд хүргээд өөрийн гэсэн хяналтыг нь бүрэн хянадаг байгаасай гэсэн хүлээлтийг тавьж ажиллаж байна." гэлээ.

Жаргалан апп-ын зөвлөгөө мэдээллийн хэсэг 

Жаргалан аппликейшнийг хэрэглэснээр та: 

-Артерийн даралт, цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол бүртгэж, хянах 

-Чихрийн шижин өвчин, Зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх

-Биеийн жингийн индексээ хянах

-Харьяа ӨЭМТ-ийн эмчтэй цахимаар холбогдож, тогтмол хяналтад орох 

-Нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зөвлөмж авах боломжтой 

Жаргалан эрүүл мэндийн аппликйшн татах бол ЭНД ДАРНА УУ.