Өрхийн эмч нарын чадавхжуулах “Жаргалан” менторшип хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Peak.mn
04 сарын 10, 2023

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндсэн суурь нь өрхийн эмнэлэг байдаг. Гэвч иргэд өрхийн эмнэлгийг алгасан лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хандах нь түгээмэл хэвээр байна.Судалгаагаар өрхийн эмч нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн 50 гаруй хувьтай байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай. Энэ нь өрхийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ шаардлагатай холбоотой гэж дүгнэжээ. 

Иймд өрхийн эмч нарыг чадавхжуулах, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах, орчин үеийн оношилгоо эмчилгээний мэдээллээр тасралтгүй хангах чухал шаардлагатай байгаа юм.

“Оддарьяа сан”-аас санаачлан хэрэгжүүлж буй өрхийн эмч нарыг чадавхжуулах зорилготой Жаргалан төслийн хүрээнд хэрэгжих Менторшип хөтөлбөрийн нээлт боллоо. 

Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Нийслэлийн 120 өрхийн эмч хамрагдана. 

Лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж буй төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч /ментор/ нар чихрийн шижин, дислипидеми, артерийн гипертензи өвчний үед өрхийн эмнэлгийн түвшинд оновчтой тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлзүйн тохиолдлуудад зөв менежмент хийх талаарөрхийн эмч /ментий/ нарт зөвлөгөө өгч, хамтран ажиллах юм.

Хөтөлбөрт оролцогчид халдварт бус өвчний чиглэлээр менторуудтай хамтран үзлэг хийх, эмнэлзүйн тохиолдлуудад ажиллах, профессорын сургалтад хамрагдах зэргээр ур чадвара адээшлүүлэх,чадавхжуулах, хөгжих боломж бүрдэнэ.

Жаргалан төслийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын вэб сайт болон үйлчлүүлэгчийн өөрийн хяналтын гар утасны аппликэйшн хийгдэх юм байна. Мөн халдварт бус өвчний талаар олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох контент, зөвлөмжүүд бэлтгэн хүргэх ажээ. 

Жаргалан менторшип хөтөлбөр хэрэгжсэнээр өрхийн эмнэлгийн түвшинд халдварт бус өвчний тусламж үйлчилгээ чанаржиж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал багасах зэрэг ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.