Мао Зэдуны гэргий Зян Цинээс хойш Хятад улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнийхээ гэргийгээ гаргаж ирсэн билээ. Энэ бол БНХАУ-ын дарга Ши Жинпиний гэргий, хатагтай Пэн Лиюан юм. Хятадын интернет ертөнцийнхөн түүнийг “гому” гэж дууддаг бөгөөд энэ нь яг орчуулбал “үндэсний эх, ээж” гэсэн утгатай дүйх үг аж

Пэн Лиюан хошууч генерал цолтой, Хятадын коммунистуудын гэр бүлээс гаралтай.  

Тэрбээр тэргүүн хатагтай болсон цагаасаа хойш сайн үйлсийн олон ажлыг эхлүүлжээ. Тухайлбал ДОХ болон сүрьеэ өвчтэй хүүхдүүдэд туслах аяныг өрнүүлсэн байдаг.  ДЭМБ-ын элч тэрбээр энэ жил Хятадын үндэсний хэмжээнд сүрьеэ өвчний эсрэг 700 гаруй мянган сайн дурынхантай хамтдаа зүтгэж, хүн амын 75 гаруй хувьд мэдээ мэдээлэл, мэдлэгийг сурталчилсан ажээ. Энэ талаараа өчигдөр болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дахь чуулганы Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх дээд хэмжээний хурлын үеэр ярьсан байна. 

Дашрамд сонирхуулахад Пэн Лиюань хатагтай зөвхөн хятад дизайнеруудынхаа өвөрмөц чамин хийцтэй хувцасаар гангардаг. Аль болох тансаг хэрэглээнээс татгалздаг нэгэн аж. Тухайлбал түүний барьдаг гар утас Хятадын Nubia Zini хэмээх ухаалаг утас бөгөөд үнэ нь 300 доллараас илүү гардаггүй талаар Хятадын нийгмийн сүлжээнд дурьджээ.