Зөвлөгөө: Наадмаар их идсэн ч жин нэмэхгүй байх аргууд

Х.Оргил
07 сарын 13, 2026

Баярын өдрүүдэд хоол, ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ч дараагийн хэдэн өдөр зөв дадлаа баримталснаар жингээ тогтвортой хадгалах боломжтой.

Ус, ус, бас дахин ус

Наадмын үеэр тослог, давс ихтэй хоол, амттан, согтууруулах ундаа зэргийг хэрэглэх нь жин нэмэгдэх шалтгаан болдог. Мөн биеийг усгүйжүүлж, түр хугацаанд хавагнах, жин нэмэгдсэн мэт мэдрэмж төрүүлэх нь элбэг. 

Тиймээс өдөрт дор хаяж 2 литр буюу 8–10 аяга ус уухыг зөвлөдөг. Хэрвээ давс ихтэй хоол, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол шингэнээ нөхөх нь бүр ч чухал гэдгийг бүү мартаарай.

Ус сайн уух нь хоол боловсруулалтыг дэмжиж, биеийн усны тэнцвэрийг сэргээж, хаван бууруулдаг.

Ус уух нь өөхийг шатааж буй хэрэг бус шингэний тэнцвэрийг хадгалж, хоолны дуршлыг багасгаж жингээ барихад тусалдаг.


Эслэг ихтэй, өөх тос багатай уураг хэрэглээрэй

Биднийг удаан цатгалан байлгадаг хэрнээ удаан шингэдэг хоол хүнс бол хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон эслэг ихтэй бусад бүтээгдэхүүнүүд юм. Мөн өөх тос багатай уурагт анхаарлаа хандуулах нь тустай. Эдгээр хоол хүнс нь хоолны дуршлыг бууруулж, алдагдсан витамин, эрдэс бодисыг нөхөн сэргээхэд тусалдаг.

Сахар ихтэй, хэт боловсруулсан цагаан гурил зэрэг цусанд хурдан шимэгддэг хоол хүнсээс татгалзахыг аль болох хичээгээрэй, учир нь эдгээр нь биднийг богино хугацаанд л цатгалан мэдрэмж төрүүлдэг боловч эргээд өлсөх мэдрэмж нь илүү хурдан төрдөг.

Хатуу мацаг барьж болохгүй

Их идсэний дараа шууд мацаг барьдаггүй. Хоолоо огцом хязгаарлах нь үнэндээ дахиад л хэтрүүлэн идэхэд хүргэж гол шалтгаан болдог гэдгийг хоол судлаачид хэлдэг .

Гол нь хэт их өлсөлгүй хоолны хооронд жижиг уурагтай хөнгөн зууш зэргийг хэтрүүлэлгүй идээрэй.


Алхах бас дахин алхахын ач тус

Хуушуур, хорхог зэрэг хүнд хоол идсэний дараа аль болох алхаарай. Энэ нь илчлэгийг шатаахаас гадна хамгийн чухал нь хоол боловсруулахад тусалж, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.


Чанартай нойр өөх шатаадаг 

Судалгаагаар нойр дутуу байх нь таны дааврын түвшинг өөрчилж, хэвийн үед өлсдөгөөсөө илүү хурдан өлсөж хоолны огцом дуршлыг нэмэгдүүлдэг байна. Ядарсан үедээ жирийн үеээс ямар ч хүн нүүрс ус ихтэй, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх магадлал өндөр байдаг. Найман цаг чанартай унтах нь таны өдрийн турш авсан дааврын хэмжээг зохицуулж, ухаалагаар хоол хүнсээ сонгох боломжийг олгоно.


Эх сурвалж https://health.osu.edu/

Зургийг хиймэл оюун ухаанаар бүтээв

Холбоотой сэдвүүд

наадам эрүүл хоол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.