ЗӨВЛӨГӨӨ: Тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулах хоол хүнс

Peak.mn
06 сарын 11, 2022

“Harvard Health Publishing” тархины үйл ажиллагааг дэмжих топ таван хүнсийг  зөвлөж байна.

Ногоон, навчит ногоо

Байцаа, бууцай, брокколи зэрэг навчит ногоонууд нь витамин К, лютиен, фолат, бета-каротин зэрэг тархины эрүүл мэндэд тустай шим тэжээлээр баялаг юм. Судалгаанаас үзэхэд эдгээр ургамлын гаралтай хоол хүнс нь танин мэдэхүйн бууралтыг удаашруулахад тусалдаг. 

Тослог загас

Тослог загас нь омега-3 тосны хүчлүүдийн эх үүсвэр бөгөөд эрүүл ханаагүй өөх тос нь бета-амиль гэх альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тархинд гэмтэлтэй бөөгнөрөл үүсгэдэг бодисын цусан дахь агууламжийг бууруулдаг. 

Долоо хоногт хоёр удаа загас идэхийг хичээгээрэй. Ингэхдээ хулд, сагамхай, лаазалсан хөнгөн туна загас, поллак зэрэг мөнгөн ус багатай сортуудыг сонгоорой. Эсвэл омега-3, маалингын үр, авокадо, хушга зэргээр орлуулж болох юм.

Жимс

Жимсэнд агуулагддаг байгалийн ургамлын пигмент болох флавонолдууд нь ой санамжийг сайжруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. 

Харвардын Эмэгтэйчүүдийн эмнэлгийн судлаачдын хийсэн судалгаагаар долоо хоногт хоёр ба түүнээс дээш порц гүзээлзгэнэ, нэрс хэрэглэдэг эмэгтэйчүүдийн ой санамж алдалт хоёр жил хагасаар удааширдаг болохыг тогтоожээ.

Кофе 

2014 онд "The Journal of Nutrition" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар кофейны өндөр хэрэглээтэй оролцогчид сэтгэцийн үйл ажиллагааны сорилд илүү сайн оноо авчээ. Мөн өөр нэгэн судалгаагаар кофейн нь шинэ дурсамжийг бэхжүүлэхэд тусалдаг байна.

Хушга 

Самар нь уураг, эрүүл өөх тосны маш сайн эх үүсвэр бөгөөд ялангуяа нэг төрлийн самар нь ой санамжийг сайжруулдаг. 

"UCLA"-аас 2015 онд хийсэн судалгаагаар танин мэдэхүйн тестийн оноо сайжирсан нь хушга их хэрэглэсэнтэй холбоотой гэж үзжээ. Хушга нь альфа-линолений хүчил (ALA) гэж нэрлэгддэг омега-3 тосны хүчил ихтэй байдаг. 

Альфа-линолений хүчил болон бусад омега-3 тосны хүчлээр баялаг хоолны дэглэм нь цусны даралтыг бууруулж, артерийн судсыг цэвэрлэдэг. Энэ нь зүрх, тархинд аль алинд нь сайн.

Ж.Уянга

 Эх сурвалж: Health Harvard 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.