ЛОНДОН. /Nature/. Флавоноид буюу ургамал, хүнсний ногоо ба жимсэнд агуулагддаг тэжээллэг бодисуудаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэх нь хорт хавдар, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг тухай эрдэмтдийн судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.

Дани улсын эрдэмтэд 23 жилийн турш 56 мянган хүний хоол хүнсийг харьцуулан судалжээ. Судалгаа эхлэхэд тэдний нас 52-оос 60-ын хооронд байсан байна. Судалгааны явцад туршилтад оролцсон хүмүүсээс 14083 нь нас баржээ. Эдгээр хүмүүсийн 4065 нь зүрх судасны өвчнөөр, 6299 нь хорт хавдраар нас барсан байна.

Харин цитрусын төрлийн жимс, нэрс, ногоон цай болон флавоноидоор баялаг бусад бүтээгдэхүүнийг тогтмол буюу өдөрт дор хаяж 500 мг-ыг хэрэглэж байсан хүмүүс илүү урт насалж, эрүүл чийрэг байжээ. Ийм бүтээгдэхүүнүүд нь  мөн тамхи татдаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд “маш сайн хамгаалалтын хэрэгсэл” болж байжээ. Гэхдээ эрдэмтэд флавоноид нь тамхи, согтууруулах ундааны хор уршгийг арилгадаггүй зөвхөн зөөлрүүлдэг болохыг анхааруулсан байна.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг