Э.Мөнхтуяа
11 сарын 12, 2019
Лэй Боуттон Смалл гэх эмэгтэй 40 гаруй жилийн өмнө холбоо тасарсан ээжтэйгээ эргэн холбогджээ. Тэрээр 3 настайдаа дайны золиос болж, Вьетнамаас АНУ болон бусад улс руу нүүлгэн шилжүүлэх “Babylift” хэмээн түүхэнд бичигдсэн ажиллагааны үеэр 3000 хүүхдийн хамт эхээсээ салсан байна.
"Babylift" ажиллагааг Ерөнхийлөгч Джералд Фордын тушаалаар эхлүүлжээ. Дайны үеэр 1.3 сая хүн амиа алдсан бөгөөд дайнаас дүрвэсэн хүүхдүүдийг үрчлүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн байна.
1975 оны 4 дүгээр сард эхлүүлсэн тус нүүлгэн шилжүүлэлтийн үеэр Лей Боуттонын ээж Нгуен Ти Деп нь "ирээдүйд сайн сайхан амьдрахад нь туслахын тулд" охиноо асрамжийн газарт хүргэж өгсөн аж. Лей Боуттон ээжийгээ хамгийн сүүлд тэр өдөр харжээ.
Түүний ээж Нгуен 1968 онд Дун Найд байрлах Америкийн цэргийн баазад гэрийн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Англиар ярьж чаддаг байсан тул радио оператор болж дэвшсэн байна. Дараа нь Америкийн цэрэг Жотой танилцан, түүнд сэтгэл алдран дурлаж, 1972 оны 5 дугаар сард Лей Боуттон Смаллыг төрүүлжээ.
Өдгөө 70 настай Нгуен 3 настай охиноо өргүүлсэндээ харамсаж явдгаа илэрхийлсэн ба түүнийг орхисон асрамжийн газраас буцааж авах гэж оролдсон ч оройтсон байжээ.
Охиныг суулгасан нүүлгэн шилжүүлэлтийн онгоц хаашаа ниссэнийг мэдэхгүй ч Нгуен амьдралынхаа 44 жилийг охиноо хайж өнгөрүүлжээ. Нүүлгэн шилжүүлэлтийн анхны онгоц ослоор сүйрэхэд охиноо тус онгоцонд нас барсан байх вий гэдэгт тэрээр үргэлж санаа зовнидог байсан аж. Энэ талаар Нгуен "Би үхэхээсээ өмнө охиноо дахин нэг харахыг л хүсч байна. Цаг хугацаа өнгөрч би улам хөгширч байна хэмээн ярьжээ.
Нгуен охиноо хэзээ нэгэн цагт Вьетнамд эргэж ирэх байх гэж найдан гэрлэхээс татгалзжээ. Мөн тэрээр охины эцэг Жотой холбоо барихыг оролдсон боловч, 2011 онд нас барсныг олж мэджээ.
Өнгөрсөн 9 дүгээр сард Скарбород өөрийн гэр бүлтэй болсон, 47 настай Лэй Боуттон Смалл Ancestry.com сайтаас захидал хүлээн авчээ. Түүний ДНХ-ийн тал нь Вьетнам хүн болох тухай мэдэгдэл байв.
Учир нь Лэй Боуттон Смалл өөрийн бага насны тухай мэдэхийн тулд хэдэн жилийн өмнө ДНХ-ын шинжилгээ өгчээ. Тэрээр өөрийг нь өргүүлсэн болохыг гадарладаг байсан бөгөөд 3 наснаасаа өмнөх зургуудаа харж байгаагүй гэж WMTW-д ярьжээ.
Шинжилгээний хариу гарсны дараахан Смалл эцэг нэгтэй эгчээсээ захидал хүлээн авсан байна. Түүний талаар Жогийн оршуулга дээр нэгэн Вьетнам эрээс олж мэджээ. Улмаар Смалл өөрийн эцэг нэгтэй эгчтэйгээ удам тодруулах шинжилгээ өгсөн нь эцэг нэгтэйг нь баталсан байна. Эцэс сүүлд нь Смалл өөрийгөө Нгуений удаан хугацаагаар эрсэн охин нь болохоо олж мэджээ.
Улмаар Смалл, Нгуен нар утсаар холбогджээ. Ээж нь хамгийн түрүүнд “Чи сайхан амьдарч байгаа юу” хэмээн түүнээс асуусан тухай Смалл WMTW агентлагт хэлжээ. Улмаар тэд 44 жилийн дараа бие биеээ харан анх удаа нүүр тулан видео чат хийсэн байна.
Нгуен охиндоо хандан “Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Би чамайг үргэлж хайрладаг байсан. Чамд хайртайг минь л мэдэхийг хүсч байна. Өөр юу ч хүсэхгүй” гэжээ. Харин Смаллын хувьд өөрийг нь үрчлүүлсэнд түүнийг буруутгах мэдрэмж огтхон ч төрөөгүй хэмээсэн байна.
Смалл ээжтэйгээ уулзахаар ирэх долоо хоногт Вьетнам руу очих аж.
Эх сурвалж: https://nextshark.com/
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.