Олон улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг америк компани Procter & Gamble худалдаанд гаргаад байсан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ эргүүлэн татах болжээ. Шалтгаан нь тэдний нийлүүлсэн хуурай шампунь, үсний ангижруулагч зэрэг үс арчилгааны төрлийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэгч бензол гэгч бодис агуулдаг гэсэн дүн гарсан байна.

Энэхүү дүгнэлтийн дараа Pantene, Herbal Essences, Hair Food, Old Spice, Aussie зэрэг брендийн бүтээгдэхүүнүүдэд эргүүлэн татах санамж хуудсыг илгээжээ.

Procter & Gamble компаниас мэдэгдэж байгаагаар дээрх бүтээгдэхүүнд агуулагдах бензолын хэмжээ хүнд эрүүл мэндийн асуудал үүсгэхээр их биш ч урт хугацааны хэрэглээний үр дүнд хорт хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг аж. Иймээс эргүүлэн татах арга хэмжээг авах болсноо хэлсэн байна. 

Тийнхүү АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрүүдээс дээрх бүтээгдэхүүнийг худалдан авсан хүмүүс байвал даруй буцаах эсвэл гаргаж хаях арга хэмжээ авахыг зөвлөжээ.


Эх сурвалж: CNN