Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус багийн харьяат иргэн С ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 17:30 цагт тус аймгийн ОБГ хүлээн авсан байна.

Тэрээр 33 настай бөгөөд гурав хоногийн өмнө 07:30 цагийн орчимд гэрээсээ гараад эргэж ирээгүй тул тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, ар гэрийн 25 хүн, нийт 31 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайсан юм.

Өчигдөр эрлийн нэг баг нь Бугат сумын Их булан багийн “Хар үзүүр” гэдэг газраас “Тавилтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, нөгөө бүлэг “Ховд” голын хоёр талаар 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон байна. 

Харин өнөөдөр өглөө 06:30 цагт иргэн С эсэн мэнд байгаагаа ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.