Дэлхийн хамгийн том цахим худалдааны Амазон компанид албан ёсны бүртгэлтэй Монгол брэндээр Лхамур нэрлэгдлээ.

Ингэснээр дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах томоохон боломж бүрдэж байна.

Тус брэндийн хувьд тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжиж, цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хүний арьсанд хэрэгтэй тэжээлийг өгөх өвөрмөц болон шинэлэг органик арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэж, дэлхийд танигдах зорилготойгоор ажиллаж буй.

Үүсгэн байгуулагч Д.Хулан нь үйлдвэрлэлээ 2014 онд гэрийнхээ гал тогооноос эхэлсэн түүхтэй. Түүний хувьд үндэстнийх нь онцлогт тохирсон түүхий эд харшил үүсгэдэггүйг баталж, монгол хэрэглэгчдийн савангийн талаарх хандлага, ойлголтыг өөрчилж чадсан юм.


Өнөөдрийн байдлаар Лхамур брэнд өргөжиж Монголдоо 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  

Олон хүнийг загатнах, харшлах зовлонгоос салгасан “Лхамур” брэнд хэрэглэгчдийн хүрээгээ тэлж олон улсад экспортын гарцаа нэмэгдүүлсээр буй. Томоохон өрсөлдөөний талбарт “Органик, хог хаягдалгүй, идэж болох бүтээгдэхүүн” гэдгээрээ танигдсан энэхүү жижиг дунд бизнесийг гадны томоохон хэвлэлүүдэд онцолж бичсээр байна.