Чинээлэг Хятад иргэдийг чиглэсэн органик зах зээл

Намрын налгар өдрүүдээр буюу энэ сарын 8-10-нд бидний хэдэн нөхөд “Экологийн хөдөө аж ахуй ба мал аж ахуйн анхдугаар экспо”-г үзэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотыг зорилоо. 

Үзэсгэлэнг зохион байгуулагч нь Хөх хотын Хөдөө аж ахуй ба мал аж ахуйн товчоо, Zhongzhan Reed (Бээжин) олон улсын үзэсгэлэн компани юм.

Малчин, тариаланч төдийгүй үйлдвэрлэгчдийг холбож, салбартаа гарч буй шинэ санаа сэдэл, хамгийн сүүлийн үеийн шийдэл, тоног төхөөрөмж зэргийг танилцуулж худалдаалдаг энэхүү цогц арга хэмжээг зохион байгуулахын тулд ӨМӨЗО-ны Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгчээ. Арга хэмжээг зохион байгуулахын тулд Хөх хотын төвөөс 20 гаруй км-ын  цаана тус экспод зориулан цогцолбор барьсан нь үүнийг илтгэнэ. 

Будаг нь ханхалсан энэхүү томоохон үзэсгэлэнгийн танхим манай Төв цэнгэлдэх хүрээлэнг даруй хэд нийлүүлсэн мэт зайтай, нийт 120 мянган ам метр талбайг хамарсан гэхээр хэр том байгууламж болох нь харагдана.

Монголоос үзэсгэлэнд төмс хүнсний ногоо, ноос, ноолуур гээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын төлөөлөл болсон 50-иад хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Мөн ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС, “Монгол ногоо” төсөл,Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөл, Өмнөговь дахь Хүнсчдийн холбоо, Монос, Tesoro Floreale зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөлөл ч хамтран оролцсон юм. Мөн уг багт  хэвлэл мэдээллээс манай Peak.mn вэб сайт болон эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн “Шинэ өсөлт” сэтгүүлийн сурвалжлагч багтсан юм. 

Үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн нэрийн бараа бүтээгдэхүүнээ Хятадын хэрэглэгчдэд танилцуулаад зогсохгүй урд зүгийн зах зээлд хөл тавих боломж, бизнесээ тэлэх шинэ санаа эрэлхийлж, сүүлийн үеийн технологийн дэвшлийг судалж яваа яваа нь энэ. 

Мал аж ахуй болон газар тариалангийн салбарыг хамарсан энэхүү өргөн цар хүрээтэй үзэсгэлэнд оролцох ажлыг Монголыг  талаас “Технож бизнес инкубатор төв”, Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөл, Монголын Евро Азийн худалдааны нийгэмлэг ТББ хариуцан ажилласан юм. “Технож бизнес инкубатор төв” ЖДҮ эрхлэгчдийг сургаж, чадавхжуулах зорилготой бөгөөд зөвхөн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүйгээр инновацийн туршлага судлах аяллыг зохион байгуулдаг байна. Монголын Евро Азийн худалдааны нийгэмлэг нь гадаад орнуудад болж буй энэ төрлийн үзэсгэлэн худалдаанд дотоодын үйлдвэрлэгч, оролцогчдыг өргөн хүрээтэй хамруулдаг туршлагатай. 

Ингээд үзэсгэлэнгийн сонин сайхнаас хуваалцъя.


ОРГАНИКИЙН ЭРЭЛД


Дөрвөн хөлтэй бол ширээнээс бусдыг, далавчтай бол онгоцоос бусдыг хятад хүн иднэ гэсэн явган яриа байдаг даа. Тохуурхал мэт яригддаг энэ үг хэдийнэ ард үлджээ. Шинэ цагийн хятадуудын дунд органик хэмээх ойлголт хэдийнэ түгсэн бөгөөд улсаас нь бодлогоор дэмжиж, эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байна. 

Бидний зорин очсон дээрх “Экологийн хөдөө аж ахуй ба мал аж ахуйн анхдугаар экспо” үзэсгэлэнд гэхэд Хятадын 33 мужаас үйлдвэрлэгч нар өөрсдийн сор болсон бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байв. 

Энд зөвхөн бүтээгдэхүүн худалдаад зогсохгүй хамтран ажиллах, түншээ олох, бизнесээ тэлэх гол зорилготой. Дотор талбайд манайхаар бол Увсын чацаргана, Завханы улаан сармис гэдэг шиг тухайн хошуу, аймаг, хотынхоо нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, танилцуулга гарч байлаа. 

Төрөл бүрийн жимс жимсгэнэ, мөөг, зөгийн бал, архи, будаанаас эхлээд бидний өмнө нь харж байгаагүй зүсэн бүрийн тоолж барамгүй хүнсний бүтээгдэхүүн өрөөстэй. 

Мөн үзэсгэлэнд худалдаалж буй бүтээгдэхүүн зүгээр нэг хаяг шошготой биш, улсаас заасан чанар стандартын шаардлагыг хангасан, баталгаатай гэдэг утгаараа үзэсгэлэнг зорьж ирэх хүн маш их. 

Хоёр хоногийн дотор 962 аж ахуйн нэгж тус үзэсгэлэнд оролцож, 2000 орчим  гадаадын зочин уригдаж давхардсан тоогоор 100 гаруй мянган хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон гэсэн тоо баримтыг Хятадын талын зохион байгуулагчдын зүгээс сонирхуулж байлаа. Түүнчлэн  энэ үеэр тус улсын дотоодын томоохон үйлдвэрлэгч  “Мэнню”, “Или”, “Кэдихуа”, “Лилафа”,  “Дабэйнүн групп” зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж  1.072 тэрбум юанийн гэрээ хийжээ.

Эндээс бидний сайн анзаарах хийгээд манайхны туршлага авах нэгэн зүйл гэхэд чанарын баталгаатай хүнсний сав баглаа боодол, хаягжилт дээр эрүүл мэндэд хэрэгтэй  бүтээгдэхүүн гэдэг онцгой тайлбартай байх аж. Үзэсгэлэнг сонирхогчдыг ажиглахад Хянган аймгийн цагаан будааг гэхэд л хэдэн  уут саваар нь худалдан авч байв. 

Будааны эх орон болсон Дундад улсад үзэсгэлэнгээс яагаад ингэж их будаа авч байгаа юм бол гэж  гайхмаар ч тэдэнд ингэх шалтгаан бас бий. Хуурамч өндөг, будаа, ургамлын тос, меламинтай сүү, гэрэлтдэг мах зэрэг Хятадын хүнсний салбарт гарсан дуулиант хэргүүдээс үүдэн тэд сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарах болжээ. Эрүүл хүнс авах сонирхлын хажуугаар хэрэглэгчийн мэдлэг боловсрол ч дээшилсэн байна.

Нэг ёсондоо хандлага өөрчлөгдсөн хэрэг. Эдийн засаг нь өсөж, иргэд нь хөлжиж буй энэ улсын органик хүнсний хэрэглээ сүүлийн 10 жилд эрс өссөнийг интернэт дэх “Хятад дахь органик хүнсний худалдан авалт” судалгаа бэлхэн харуулна. Дараагийн 10 жилд ч органик хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх төлөвтэй. Эрүүл мэндэд сайн, органик хүнс гэдгээ баталж чадвал юуг ч худалдан авахад бэлэн чинээлэг хятад иргэдийн давхарга өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад Хятадын органик үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн салбар томоохон сорилттой нүүр тулж буй. Гурван жилийн өмнөөс уг асуудалд БНХАУ-ын Засгийн газраас анхаарал хандуулж “Health China 2030” хөтөлбөрийг боловсруулсан байна. Хүүхэд болгон эрүүл хоол хүнс хэрэглэх ёстойг уриалсан, дундаж наслалтыг уртгасгах зорилготой уг хөтөлбөрийг зарласны дараа органик мах, сүүний хэрэглээ өссөн гэдгийг албаны хүн дурдав. 

Өдгөө Хан үндэстний үхрийн мах болон сүүний ёроолгүй хэрэглээний бараг 50 орчим хувийг хангаж байгаа нь Өвөрмонгол болон Шинжаан Уйгар юм. 

Хятадын эко, органик мах сүүний имиж болсон Өвөрмонголд гэхэд тал нутгийн бэлчээрийн малын махыг зооглох гэж зорин ирдэг дотоодын аялагчид жилээс жилд нэмэгдсээр байгаа тухай  орчуулагч маань дуулгалаа. Махны үнэ ханш манайхтай харьцуулах юм биш ээ. Амьд хонь авъя гэвэл 2000 юань буюу 700 гаруй мянган төгрөгөөс буухгүй гэв. Амттай чанартай учраас хүндтэй зочдоо дайлдаг уламжлал урд зүгийнхэнд бий. Хэдэн жилийн өмнө ажлаар очиход албаны хүмүүс биднийг амттай хоолоор дайлахаар нэлээд хэдэн цаг машинаар давхиулсаар, хонины шарсан махтай газар аваачсан юм. Бидний хувьд махнаас илүү зорин очсон ресторанд  дотоодын аялагчдын урсгал чиглэдэг нь, тэд органик бүтээгдэхүүнд ач холбогдол өгдөг нь сонин байж билээ. Махны амт нь ямар вэ гэж үү, монгол хонийг яаж гүйцэхэв. Гэхдээ өмнө оронд үүнтэй дүйх амттай махыг олоход бэрх шүү.


БОЛОМЖ БА ГАРЦ ШИЙДЭЛ

Их гүрний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрүүл хүнсний хэрэглээг дан Өвөрмонгол эсвэл Шинжаан Уйгар дангаараа хангах боломжгүй. Мөнгө байсан ч нөөц нь хомс, Өвөрмонголын бэлчээр газар усны асуудал ч хүндрэлтэй учирчээ. Тиймээс ч хэтийг харсан их гүрэн бодлогоор “Бүс ба Зам” хөтөлбөрийг боловсруулсан.

“Экологийн хөдөө аж ахуй ба мал аж ахуйн анхдугаар экспо” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хөх хотыг “Нэг Бүс – Нэг Зам”-ын төв хот болгохыг зорьж байгаа гэдгийг танилцуулсан билээ. Энэ хөтөлбөр нь хамгийн энгийнээр бол өөрсдийн өсөн нэмэгдэж буй органик хүнсний нөөцөө бэлдэх зорилготой их Хятадын алсыг харсан бодлого юм. Сүүлд гэхэд дэлхийн сүүний топ компани Или групп Шинэ Зеландад асар том үйлдвэр худалдан авсан мэдээ гарна лээ. Энэ бол өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ гадны бүтээгдэхүүнээр орлуулахгүй байх амбийц.

БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жинпин “Бидний будааны аяга Хятад хүнсээр дүүрэн байх” ёстой гэж хэлсэн нь “Нэг Бүс – Нэг Зам” бодлогын үндсэн философи нь юм. 

“Нэг Бүс – Нэг Зам”-ын хүрээнд ложистикийн сүлжээг ашиглан өөрсдийн кластерийг ашиглан, франчайзинг хэлбэрээр ажиллах сонирхол бий. Бодлогын цаана ашигтай ч амбийцтай ч алсын хараа бий, бидэнд сайтар бодож үзэх асуудал ч бий.

Юутай ч урд зүгийнхэн манай монгол малын махнаас гадна бусад бүтээгдэхүүнийг эко гэдэг үүднээс сонирхож байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнээс хамгийн их эрэлттэй нь ноос ноолууран бүтээгдэхүүн, зөгийн бал байв. Монголын хэд хэдэн зөгийн аж ахуй эрхлэгчид уг үзэсгэлэнд оролцсон.Тэр дундаа зөгийн балыг Хөх хотын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилж онцлох бараагаар нэрлэж ярилцлага авсан юм.

Зөгийн балыг Засгийн газраас уул уурхайг орлох бүтээгдэхүүнээр нэрлээд буй. Дээр нь байгаль орчинд хамгийн ээлтэй, тоост хүртээлтээр дамжуулаад цэцэг, жимст ургамлын үржлийг дэмжиж, газар тариалангийн ургацыг нэмдэг, ямар хог хаягдалгүй гээд дурдаад байвал зөгийн аж ахуйд давуу тал их.


Зөгийн аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүн бүгд эмчилгээний чанартай. Тэгэхээр экспортод хамгийн түрүүн гаргах боломжтой монголын хөдөө аж ахуйн салбарын эко дүр төрх нь яах аргагүй зөгийн бал юм. Хятад улс хэдийгээр дэлхийд зөгийн балны үйлдвэрлэлээр тэргүүлдэг боловч байгалийн чанарлаг бал ховор, голдуу таримлын бал ихтэй. Тарьмал гэдэг нь ургац их авах зорилгоор тоос хүртээж буй үйл явц. Тиймээс ч чанартай зөгийн балын импорт өндөртэй улс гэдгийг уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Занданхүү онцолсон юм. 

Манай зөгийчид ч гэсэн таримлын бал авдаг ч байгалийн онцлогоос шалтгаалж чанараар хамаагүй илүү байдаг аж.

Түүнээс Хятадын хэрэглэгчдэд монгол зөгийн бал хэр танил болсон болон үзэсгэлэнгийн үр дүнгийн талаар асуухад "Өвөрмонголын зарим хот, ялангуяа Хөх хотод танил болж эхэлсэн. Монголыг өргөн дэлгэр нутагтай, эрүүл хөрстэй, хүн ам цөөтэй түүнийгээ дагаад бүтээгдэхүүн нь чанартай, эко гэсэн ойлголтыг төрүүлдэг учраас маш их сонирхож байна. Энэ бол маш  том давуу тал, тийм ч учраас олон улсын эко үзэсгэлэнд зайлшгүй оролцох том тоглогчийн нэг болчихсон. Үзэсгэлэнгийн үеэр бидэнд хэд хэдэн санал тавьсан. Тухайлбал Монголын зөгийн аж ахуйд хөрөнгө оруулагч болох сонирхол байна. Онлайн худалдааныхан ч сонирхож санал тавьсан. Тэд Хятадад үнэгүй сурталчилж, Хятад дахь түгээлт борлуулалт, маркетингийг хариуцая гэж байна" гэлээ.Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Занданхүү 

Сайн мэдээ дуулгахад тус үзэсгэлэнг үзэхээр хүрэлцэн ирсэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн төлөөлөгч нар ирэх жил ашиглалтад орох чөлөөт бүсээр дамжуулан зөгийн балны борлуулалт хийх сувгаа нээх тал дээр туслалцаа үзүүлнэ гэсэн юм. Сонирхуулахад Монголын зөгийчид жилд дундажаар 200 гаруй тонн зөгийн бал авдаг бөгөөд энэ дотоодын хэрэгцээний дөнгөж 30 хувийг хангадаг. Харин гадагшаа гаргаж эхлээгүй бөгөөд энэ мэт оролдогууд хийсээр байна. Өнгөрсөн сард дэлхийн зөгийчдийн олон улсын хурал Канадад болсон бөгөөд гурван ААН нэгж экспортын бүрдүүлэлт хийж гарсан гэдгийг Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Занданхүү дурдлаа.

Стандартын хувьд манай зөгийн бал олон улсын стандартыг хангачихсан, өөрөөр хэлбэр монгол зөгийн балны стандарт чамбайрсан гэдгийг онцолж байна.

Монгол 1000 гаруй зөгийн аж ахуй эрхлэгч бий. Тэдний ихэнх нь Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөлийн гишүүнчлэлд хамрагддаг. Ирэх жилээс органик стандартын хаяг шошготой болсноор үнэ цэн үүсгэн гадны зах зээл рүү гарахаар зэхэж байна.

Зөгийн аж ахуйн төлөөлөл

Уг үзэсгэлэнд анх удаа оролцож буй ААН- ийн нэг нь Тэс-Оргил ХХК юм. Үүсгэн байгуулагч нь Н.Золжаргал, Х.Золзаяа нар бөгөөд 2012 оноос зөгийн аж ахуй эрхэлж буй. Анх удаа олон улсын хэмжээний үзэсгэлэнд оролцож байгаа тэд Хятадын зах зээл дэх органик бүтээгдэхүүний эрэлт байгааг, өөрсдийнх нь бүтээгдэхүүний давуу талаа олж харсан тухайгаа олзуурхан хуваалцлаа. 

Энэ талаар Х.Золзаяа “Бид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ онцлогийг сайн таниулах ёстой юм байна. Үзэсгэлэнд оролцож буй Хятадын зөгийн аж ахуй эрхлэгчдийн зөгийн балыг амталж үзсэн. Амт нь чихэр шиг тэрүүхэндээ амтагдаад л алга болчихдог юм билээ. Харин монгол зөгийн балны амт, чанар шал өөр шүү дээ. Тийм учраас амталж үзүүлээд тайлбарлахаар шууд худалдан авч байна. Цаашид зөгийн балыг их хэмжээгээр хил гаалиар оруулж ирэхэд татварын орчин, хүндрэл бэрхшээл зэргийг асууж сонирхож байна. Мөн танай бүтээгдэхүүнийг  онлайн худалдаанд санал болгоё гэсэн нэгэнтэй ч таарлаа” гэсэн юм.

Гэхдээ анхаарах асуудал байгаа нь хуурамч бүтээгдэхүүн аж. Хөх хот руу гэхэд Монголоос экспортолсон сахар их­­тэй, хуурамч зөгийн бал худалдаалагдаад эхэлжээ. Үндсэндээ үйлдвэрлэгчид биш наймаачдын гараар голдуу орж ирдэг нь гай тарьж орхиж. Үүнээс болоод заримд нь Монголын зөгийн балыг чанар муутай гэсэн ойлголт төрүүлжээ. Энэ нь ч асууж, сураглаж байгаа зарим өвөрмонгол, хятад хүмүүсийн үгсээс ойлгомжтой байв. Хуурамч зөгийн балны балгаар Хятадын тал хил гаалиа чангалж орхисон гэнэ. Хомрогонд нь органик балтай зөгийчид өртсөн байна. Хуурам зөгийн балыг голдуу гаальтай машин нэрийдлээр гаалийн татвар төлөлгүйгээр зөгийн балаа их хэмжээгээр нууж Хятад руу гаргадаг байна.
Монголын бүтээгдэхүүний органик, эко гэсэн имижийг унагачихгүй байх тал дээр иймэрхүү анхаарах асуудлууд цөөнгүй байдаг бололтой. 

Үзэсгэлэнг Монгол талаас зохион байгуулагч, зах зээлд өрсөлдөх чадвартай бизнесүүдийг өсгөж хөгжүүлэх зорилготой “Технож бизнес инкубатор төв” ТББ-ын захирал Г.Галаарийдийгээс ч мөн уг асуудлаар тодруулга авлаа. Тус ТББ нь кластер хамтын ажиллагааг үүсгэх чиглэлээр их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа аж. Тухайлбал Өмнөговь аймагт хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих жил болгожээ. Энэ хүрээнд ШУТИС, ХААИС-тай нэгдэн цувралт сургалтыг зохион байгуулсан аж. 

-Эко бүтээгдэхүүний эрэлт энд түлхүү байгаа нь ажиглагдлаа. ЖДҮ эрхлэгчдийн хувьд юун түрүүнд ямар бүтээгдэхүүнээ экспортлох хэрэгтэй гэж харж байна вэ?

-Сүүлийн үед Хятадын зах зээлд боломж гарц гарч ирж байна. Эко, органик хөдөө аж ахуй гээд харахаар хятадууд Монголоос мах авах сонирхол өндөр байгаа нь анзаарагдлаа. Гэхдээ маш өндөр стандарт шаарддаг учраас томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд л гаргаж байна. Хэдийгээр өртөг багатай боловч ургамлын болон сүү цагаан идээ зэрэг бүтээгдэхүүний хорио цээрийн шаардлага өндөр учраас гарах боломж алга. Хамгийн боломжтой нь одоогоор зөгийн бал байна. Зөгийн бал харьцангуй технологи болон зардал бага шаарддаг. Мөн заавал үзэсгэлэн худалдаа гэхгүйгээр цахимаар худалдаалах боломжтой гээд олон давуу талтай гэж харж байна. Бид энэ тал дээр Хятадад олон улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудтай баг болж хамтран ажиллахаар болсон. Эхний ээлжинд бид ирэх сарын 8-11-ны хооронд Хятадын Ламфан хотод болох зөгийн балны олон улсын хурал форум, үзэсгэлэнд оролцох гэж байна. Энэ удаа 50 орчим зөгийн аж ахуйн төлөөлөл оролцохоор болсон. Энэ мэтээр бид жижиг, дунд үйлдвэрлэлийн борлуулалтыг  зах зээлтэй холбох ажлыг дэмжихээр Хятад, Өвөр Монголд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд тогтмол  оролцож, хамтарч зохион байгуулж ажиллаж байна.


-Манай үйлдвэрлэгчид урд хөршид хүнсний бүтээгдэхүүн экспортлоход  юун дээр анхаарах ёстой вэ?

-Бид массын үйлдвэрлэлээр, өртөг зардал, загвараар өрсөлдөх нь бэрхшээлтэй. Харин нэмүү өртөг шингэсэн онцлог бүтээгдэхүүнээ л танилцуулах чухал. Чанар сайтай байхад Хятадын онлайн худалдааны бүртгэлд ороод явах боломж байна. Зөвхөн Өвөр Монголд гэхэд 4 сая  хүн бий.  Үүний цаана гарц боломж байна. Зөвхөн нэг хошуу  л гэхэд 200-300 мянган хүнтэй гээд бодохоор зах зээл харагдаж байгаа юм.


-Танай “Технож бизнес инкубатор төв” ТББ хэд орчим бизнес эрхлэгчийг хөлөө олоход нь туслаад байна вэ?

-Манайх үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байна. Одоогоор 30 гаруй иргэдийг зах зээлд хөлөө олоход нь тусалсан. Зарим нь компани болоод өргөжөөд явж байгаад баяртай байдаг. Манайх жилд төр, төслийн байгууллагуудтай хамтраад 300-400 хүн сургадаг. Үүнээс ирээдүйтэй, өсөх чадвартай гэснийг нь дэмжээд бойжуулаад явдаг. 

Харин 2014 оноос инкубаторын санхүүжилт ч зогссон, бид ч дан ганцыг дэмжсэнээс хамтын ажиллагааны хүрээнд нь нэмүү өртгийн сүлжээг үүсгэн явах нь дээр гэж харж байгаа

Улмаар кластерыг үүсгэх нь чухал байгаа юм. Тиймээс ч бид экспортын зах зээлийг судалж байна. Энэ хүрээнд Солонгос, Японы байгууллагуудтай хамтарч эхэлсэн. Жижиг нь ч том ААН-үүд ч ялгаагүй Монголдоо, тогоондоо л эргэлдээд байна. Гэтэл дотоод зах зээл нь өсөж хөгжихөд хангалттай биш. Тиймээс бид бизнес эрхлэгчдээ цаашид гадагшаа гаргахыг эрмэлзэж байна. Хамтарснаар хүчтэй, өрсөлдөх чадвартай, томхон захиалга, нийлүүлэлт хийж чадна. Хамгийн ойрхны гарц нь Хятад юм. “Технож бизнес инкубатор төв” ТББ энэ дотоод холбоос, гадаад зах зээлд зуучлах ажлыг зорилгоо болгож байна.  


Мөн үзэсгэлэнгийн талаар Монголын Евро Азийн худалдааны нийгэмлэг ТББ-ын тэргүүн Б.Ариунсанаагаас тодруулахад "Бид энэ төрлийн үзэсгэлэн сүүлийн хоёр жил зохион байгуулж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд үзэсгэлэнд оролцох нь бараа бүтээгдэхүүнээр зараад зогсохгүй маш том судалгаа болдог, түншээ олох гээд ач холбогдолтой арга хэмжээ байдаг. Тийм ч учраас жинхэнэ үйлдвэрлэгч эзнийг нь энэ төрлийн үзэсгэлэнд оролцуулдаг. Хятадын зах зээл дээр гарахыг олон орон хүсэж байна. Бид хажууханд байгаа хөршийнхөө зах зээлд хүч үзэх цаг нь болсон. Монголын бараа бүтээгдэхүүнийг авах хүсэл урд хөршийн иргэдэд байна, харамсалтай нь үйлдвэрлэгч нарыг хил гаалийн асуудал дээр төрөөс дэмжсэн хуулийн заалт алга. Гаальтай үзэсгэлэн хийхээр бүгдийг нь хураалгачихдаг. Сайн мэдээ гэвэл Шижиуан хотод чөлөөт бүс нээгдэхээр болсон. Бид ӨвөрМонголын худалдааны нийгэмлэгтэй ажилладаг учраас бүх талаас дэмжиж ажиллахаар болсон. Энэ бол үйлдвэрлэгч нарт гарч ирж буй маш том боломж." гэлээ.



ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДРОНЫ ЭРИН ҮЕ

Мөн үзэсгэлэнд ургацын ургац, газар тариалангийн чанарыг сайжруулах биотехнологи, ургамал, шинэ үр сорт, шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүнг мөн хөдөө аж ахуйн ухаалаг машин, ухаалаг усжуулалт, ухаалаг хяналт, Хятадын амьтан ургамлын гаралтай эмийн боловсруулалт, сав баглаа боодлын технологи зэргийг танилцуулж байлаа. Мөн ийм сэдэвтэй салбар хуралдаанууд ч болсон. 

Үүнээс онцлохгүй байхын аргагүй хэсгийн нэг нь дроны хэсэг юм. Хятад улс хөдөө аж ахуйн салбараа шинжлэх ухаан, инноваци, технологийн дэвшилтэй утгаар нь холбож хөгжүүлжээ.

Биднийг өөр зуураа өнөө хэдэн толгой, нүүрсний орд, хувь хишиг ярьж суух зуур урд хөршид мэдлэгт суурилсан эдийн засаг утгаараа цэцэглэж байна. Инновацийг бизнестэй холбосноор зах зээлээ тэлнэ гэдгийг үйлдвэрлэгчид, тариаланчид тултал ойлгожээ. 

Тариаланчдын хөдөлмөрийг шинэ техник технологиор хөнгөвчлөхийг зорьсон нь дроны хөгжлөөс харагдана. Хятад тариачид хэдийн дроны ач тусыг мэдэрсэн бөгөөд байнгын хэрэглээ нь болжээ. Ухаалаг хөдөө аж ахуй форумын үеэр гэхэд дроныг зөвхөн хор цацаж хортон шавьж устгахад хэрэглээд зогсохгүй тоос хүртээх, бордоо цацах, хөвөнгийн тариалалтад ашиглаж байгааг дурдлаа. Ингэснээр өмнө 4-5 хүн долоон хоногийн турш тариалангийн талбайд ажиллаж дөнгөж талдаа хүрдэг их ажлыг дрон ганцхан цагийн дотор нугалж байна. Хамгийн сүүлд дронд хиймэл оюун ухаан суулган дата цуглуулагч болгон ашиглаж байгааг танилцууллаа. Дроноо тариалангийн талбай дээгүүр нисгэхэд л ямар шавьж үүрлэсэн эсэхийг, цаашид аль төрлийн шавьж устгагч хэрэглэх ёстойг сануулна гээч. Бас үр суулгацаа хэдийд тарихыг ч, зэрлэгээ хэдийд зулгаах ёстойг ч 80 хувийн нарийвчлалтайгаар ухаалаг хянагч самбар дээр мэдээлдэг байна. Мөн “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл”-ийн шинэ загварыг танилцуулж байна. Анхандаа тариачид ухаалаг технологиос жийрхэж байсан ч улсаас дрон авсан тариаланчид 50 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлж, хэрэглээний сургалт явуулснаар бөглүү суурингийн настан хүртэл гар утас шиг л хэрэглээндээ эзэмшиж нэвтрүүлсэн байна. Үнийн хувьд  20- 60 мянган юанийн хооронд аж.


СУПЕР ХҮНС КИНВА

Харшил үүсгэгч хэмээн адлагддаг шарилж, луулины төрлийн ургамал кинваг тарималжуулж 100 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргачлалыг боловсруулжээ. Хамгийн том үйлдвэрлэгч нь Өвөрмонголын “Литай интернэшнл” биотехнологийн компани юм байна. Тус компани үзэсгэлэнд 20-иод төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байв.

Махнаас илүү уураглаг энэ бүтээгдэхүүнийг эрдэмтэд судлан XXI зууны супер хүнсэд тооцож буй. Кинваг манай багийн төлөөлөгчдөөс Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Рецептор” компанийн захирал доктор, профессор Я.Ганболд ихэд олзуурхан сонирхож байв. Тэрээр “Шарилж, луулины төрлийн энэ ургамлыг бид ямар ч хэрэгцээгүй гээд ад үздэг. Гэтэл энэ ургамал хүний цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг глютинээр баялаг хүнс. Эслэг ихтэй учраас илүүдэл жингээс сэргийлдэг гээд олон давуу талтай. Еэвэнд шанз хийх, цагаан будаатай хольж хэрэглэх гээд олон янзаар хүнсэндээ хэрэглэж байна. Бид хамтарч ажиллаж тарималжуулаад ядахдаа малын тэжээл үйлдвэрлэж болмоор санагдлаа” гэв


100 ГРАММ ЧАЦАРГАНЫ ҮРИЙН ТОС 1,5 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ 

Улсын инновацийн хөгжлийн түвшинг үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд технологи, мэдлэг хэр шингэснээр нь үнэлдэг.

Чацарганы бүтээгдэхүүнээр дагнан үйлдвэрлэл эрхэлж байгаа We Do Lui компани гэхэд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй. Чацарганаар гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ундаа жүүс хийдгээрээ алдартай. Өөрсдийн хэдэн мянган га газартай бөгөөд борлуулалт нь жил ирэх тусам өсөж байна, бид Дундад улсад чацарганы жимсний ач тусыг ойлгуулж яваа гэж тус компанийн өвөрмонгол төлөөлөгч Цэнхэр хэлэв. Чацарганы тосоор хийсэн гоо сайхны бүтээгдэхүүний нэр төрөл гэхэд 200 гаруй юм. Нэг бүтээгдэхүүнийг гаргахын тулд судалгааны баг нь 4-6 жил ажилладаг ард нь 300 гаруй судлаачид ажилладаг гэв. Хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь чацарганы үрийн тос бүхий капсул аж. 600 ширхэгтэй энэхүү бүтээгдэхүүн 4080 юан буюу 1.5 сая  орчим төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний иж бүрдэл нь 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв.

Эцэст нь хэлэхэд инноваци, технологийг төр засгийн түвшинд бодлогоор анхаарах нь чухал гэдгийг энэ удаагийн үзэсгэлэнгээс бүрэн харж болохоор байна. Учир нь бизнесийн өрсөлдөөнийг дэмжинэ гэдэг данц ганц ТББ, ААН нуруундаа үүрчих ажил биш. Төр засгаас дэмжиж, салбарын холбоодтой хамтарч том зургаар нь эхлүүлэх ёстойг энэ үзэсгэлэн бүрэн харуулсан болно.

Холбоотой сэдвүүд

хятад хөдөөажахуй органик

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.