Хятадын эрх баригч Хонконгд үүссэн аюултай нөхцөл байдлын тухай мэдэгдэл хийхдээ Америк улс энэ бүхний ард байгаа хэмээсэн юм. Хонконгд сая сая хүнийг хамарсан жагсаал 2 сар орчим үргэлжилж байгаа билээ. 

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин “Америкийн эрх баригчид одоо ийм хэргийн ард ч хүртэл байдаг болж. Та бүхэн ямар оролцоотой, ямар зорилготой байгаагаа дэлхийд хэлж өгнө үү?” хэмээн хэвлэлийн бага хурлаар хэлсэн байна. 

Хонконгийн аливаа гэмт хэрэгт холбогдсон иргэдийг нутагт нь биш, Хятадын эх газарт аваачиж ял сонсгох, шүүн байцаах хуулийн төсөл их хуралд өргөн барьсан. Харин ардчиллыг дэмжигчид эсэргүүцэн жагсаалыг толгойлж яваа. 


Цагаан футболктой жагсагчид ардчиллыг дэмжигч шүхэртэй хүмүүс рүү өнгөрсөн ням гарагт зэрлэгээр дайрсан. Цагаануудын эсрэг байр сууринд байгаа улстөрчид тэднийг Хонконгийн гэмт бүлэглэлтэй холбоотой хэмээсэн аж. Ардчиллыг дэмжигчид Хонконг дахь Бээжингийн төлөөлөгчийн газрын байрыг будгаар сийчиж орхисны дараа дээрх явдал болжээ. 

Америкийн нэгдсэн улс болон Хонконгийн колончлогч асан Их Британиас Хуа хариулт хүсээд, хөндлөнгийн өчүүхэн ч оролцоог Хятад улс хүлцэхгүй гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр “Бид Америкийг “бохир гараа” татахыг зөвлөх байна.” гэсэн юм. 

Ерөнхийлөгч Дональд Трамп эл хэрэгт Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний хариуцлагатай хандсан хэмээн сайшаасан. 

Хонконг нь 1997 онд Хятадын мэдэлд “нэг улс, хоёр бодлого” гэсэн зарчмаар нэгдсэн. Ингэснээр эх газарт оршдоггүй жагсаж тэмцэх тэргүүтэй эрх чөлөө эдэлж шүүхийн тусгаар засаглалтай болсон юм. 

Гэвч дийлэнх хонконгууд улс төр, нийгэм дэх Бээжингийн оролцоог хэрээс хэтэрсэн гэж үздэг билээ.