Хүүхдийн зохиолч, сэтгэлзүйч Адъяагийн Найгалмаа зөвлөж байна.

Цэцэрлэг, сургуулийн орчин бол гайхалтай газар. Тиймээс хүүхдэдээ багаас нь цэцэрлэг сургуулийн талаар ярьж тайлбарлахдаа баяр баясгалантай хүүхдүүд бужигнаж, янз бүрийн сонирхолтой зүйлстэй танилцуулж, зааж, сургадаг гээд аль болох сайн сайхан талаас нь ойлголт өгөөрэй.

Ингэж хүүхдэд анхнаасаа зөв ойлголт өгвөл хүүхэд цэцэрлэгтээ, сургуульдаа дуртайяа очно.

Хэрвээ цэцэрлэг, сургуульд орох гэж байгаа хүүхдэдээ "Багш нарын үгэнд орохгүй бол шийтгэнэ, загнана..." гэж хэлээд байвал хүүхэд цэцэрлэг, сургуульд орох хүсэлгүй болно.Мэдээж цэцэрлэгт ч, сургуульд ч нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, эмх цэгц байдаг гэдгийг ярьж өгөх учиртай.

Гэртээ эмх цэгцгүй байдаг бол хаа ч эмх цэгцгүй л байна. Иймээс хүүхдийн төлөвшилд бүр эртнээс анхаарах ёстой.

Хэрвээ цэцэрлэгт оронгуут нь хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч эхэлж байгаа бол та оройтож байна гэсэн үг.

Төрсөн цагаасаа эхлэн 3 нас хүртлээ таны хүүхэд хэнтэй байж, юуг харж, яаж өссөн бэ?Та үүнийг л сайн бодоорой!Хүүхдийн төлөвшилт цэцэрлэгээс биш гэр бүлээсээ эхэлдэг.