TechGirls нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (ШУТИМ) салбарт манлайлах дараагийн үеийн эмэгтэйчүүдийг дэмжих, холбох болон ур чадвараа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангах зорилготой зуны солилцооны хөтөлбөр юм. 

Энэхүү хөтөлбөр нь 2022 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ба сонгон шалгаруулалтаас шалгарсан гурав хүртэлх тооны Монгол сурагчийг АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалт ба Монгол Улсдаа буцаж ирээд виртуалаар хамрагдах менторын сургалттай, нийт долоон сарын менторшип, манлайллын сургалтад хамрагдах боломжоор хангах бөгөөд цахим өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 12 дугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

TechGirls хөтөлбөрийн цөм нь Виржиниа Техникийн Их сургуультай хамтран АНУ-д зохион байгуулагдах 27 хоногийн сургалт юм. 

Тус хөтөлбөрт хамрагдагч нь тус сургууль дээрх интерактив технологи, компьютерын кампд хамрагдаж, дараагаар нь Аустин, Чикаго, Денвер эсвэл Цинциннати, Детройт, Сиаттл хотуудаар аялж, технологийн компанид дагалдангаар ажиллаж, Америк айлд амьдарч олон сайн дурын үйл ажиллагаанд мөн оролцож туршлага суралцах болно. Хөтөлбөрт хамрагдагч нь АНУ дахь хөтөлбөрөө дуусган Монгол Улсдаа эргэн ирснээс хойш 6 сарын дотор өөрийн сургууль болон/эсвэл амьдарч буй орон нутагтаа дор хаяж нэг үе тэнгийнхний сургалтын хөтөлбөр болон нэг төслийг хэрэгжүүлдэг.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Хөтөлбөр эхлэх үед буюу 2023 оны 7-р сарын 8-ны байдлаар 15-17 настай эмэгтэй сурагч байх
  • Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба/эсвэл математикийн чиглэлээр өндөр түвшний ур чадвартай байх ба түүнийгээ харуулсан, нухацтай сонирхолтой байх
  • Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба/эсвэл математикийн, нэн ялангуяа Технологийн чиглэлээр дээд боловсрол эзэмших ба/эсвэл ажиллах төлөвлөгөөтэй байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (ахисан дунд болон түүнээс дээш түвшний)
  • Төлөвшсөн, уян хатан, нээлттэй сэтгэлгээтэй байх
  • Хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо буцаж ирээд ерөнхий боловсролын сургуульд дор хаяж нэг жил суралцах хугацаа үлдсэн байх
  • Хөтөлбөрт хамрагдаад эх орондоо буцаж ирээд олон нийтэд чиглэсэн төсөл эхнээс нь дуустал хариуцан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай байх

АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. Сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ямар нэг өөр хөтөлбөрөөр АНУ-д аялаад ирсэн бол энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаараарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.