Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
11 сарын 14, 2024
''Digital Product Conference - DPC'' буюу дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, дизайнеруудыг чадавхжуулах, дижитал бүтээгдэхүүний үр ашиг хүртэгчид цугларсан үйл ажиллагаа энэ сарын 18-нд болох гэж байна.
Арга хэмжээнд дижитал технологи бүтээх боловсон хүчний ур чадвар өнөөдрийн ажлын байрны шаардлагатай хэр нийцэж буй, цаашлаад ажлын байран дээр мэргэшсэн ур чадварууд соёл болтлоо нутагшиж чадаж байгаа эсэх талаар 700 гаруй мэргэжилтэн, бизнес эрхлэгчдэд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Үүнтэй холбоотойгоор “Digital Product Conference 2024” арга хэмжээг зохион байгуулагч Б.Батжаргалтай ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БҮХ ЭЛИТҮҮД НЭГ ДОР ЦУГЛАРНА
-“Digital Product Conference 2024” арга хэмжээний бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?
-Бэлтгэл ажил маш сайн явж байгаа. Манай багийн залуус арга хэмжээнд ирэх оролцогчдодоо шинэлэг, содон зүйл үзүүлэх гэж хичээж байна.
Дижитал салбар буюу мэдээлэл технологийн салбарт ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй салбарын сорууд жилдээ ганцхан удаа энэ арга хэмжээнд цуглардаг. Үйл ажиллагааны үеэр монголоос гадна дэлхийн технологийн шилдэг компанид ажиллаж буй инженер, хөгжүүлэгч, дизайнер, салбарын удирдлагууд ирж туршлагаа хуваалцдаг. Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сонирхогчдод алдаж болохгүй боломж юм.
-Энэ жил ямар сэдвээр зохион байгуулагдах вэ?
-Бид үндсэн хоёр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Монголд технологийн салбар хурдтай хөгжиж байгаа хэдий боловч энэ дунд гээгдэж буй зарим асуудлыг хөндөж ярих хэрэгцээ шаардлага бидэнд тулгарч байна.
Эхний хэлэлцүүлэг “Education to Culture” буюу “Боловсролоос соёл руу” гэсэн агуулгын хүрээнд өрнөж, мэргэжилтнүүдийн байр суурь, илтгэлүүдийг сонсоно. Учир нь манай улс технологийн салбарын мэргэжилтнүүдийг зөв боловсон хүчин болгож бэлтгэж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, салбар дотроо ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Наад зах нь их сургуулиа амжилттай төгссөн залуучууд нэг ажлын байран дээрээ удаан тогтохгүй, ажлаа сольж байна.
Иймд технологийн компанийн удирдлагуудыг цуглуулж шинэ мэргэжилтнүүдийн карьерыг өсгөж, зөв чиглүүлж болох шийдлийг эрэлхийлэх болно. Үүнээс гадна тухайн газрын хамт олны уур амьсгал, компанийн соёл зөв төлөвшсөн байна уу гэдэг асуудлыг сөхөх нь зүйтэй.
Хоёр дахь агуулгын хүрээнд дижитал бүтээгдэхүүнүүдэд чиглэнэ. Өнөөдөр зах зээлд олон тооны дижитал бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчид тэдгээрийг өдөр тутамдаа ашиглаж, асуудлаа хөнгөвчилж чадаж байгаа эсэхийг ярилцах болно.
Зураг | Тайлбар |
"Digital Product Conference 2023" арга хэмжээ | |
-Технологийн салбарын хөгжлийг компаниуд хэрхэн ойлгож, үйл ажиллагаандаа ашиглаж байна вэ?
-Ганцхан технологийн компаниар хязгаарлагдахгүйгээр бизнес эрхлэгч бүр технологийг ашиглаж байна. Зарим компаниуд технологийн албатай ч хэдхэн хүнтэй, тэгсэн атлаа цахим, текник технологитой холбоотой бүх ажлаа даатгачихдаг. Гэхдээ унтаад сэрэхэд л технологи гэдэг зүйл хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ! Тиймээс нарийн мэргэжил бүр тухайлбал, сүжээний инженер, хөгжүүлэгч, дизайнер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд өөрсдийн хариуцсан ажлаа л хийдэг байх хэрэгтэй.
Тэгэхээр бид цахим шилжилтийг хийж байгаа ч гэсэн нэгдсэн нэг ойлголттой байж, зөв талаар хөгжүүлж чадаж байна уу? Гэдэг асуултад хариулж, тодорхой ойлголттой болох хэрэгтэй байна.
DPC БОЛ ШИНЭХЭН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН САЛБАРТАА ТАНИГДАХ БОЛОМЖ
Зураг | Тайлбар |
"Digital Product Conference 2022" арга хэмжээ | |
-DPC арга хэмжээнд яагаад ирэх ёстой вэ?
-Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь 'networking' буюу танилцах хэсгийн хугацааг сунгаж байгаа хэрэг юм. Мэдээж арга хэмжээнд ирснээр дижитал бүтээгдэхүүний талаар хамгийн ойлгомжтой, цэгцтэй мэдээллийг авна. Шинэлэг мэдээллүүдийг сонссоныхоо дараа ирсэн хүмүүстээ салбарынхаа залуучуудтай харилцаа тогтоож, хүрээллээ тэлэх боломжийг бид олгоно.
Магадгүй та DPC арга хэмжээнд ирэх эсэхээ шийдээгүй байгаа бол оройтоогүй шүү! Жилдээ ганцхан болдог салбарынхаа арга хэмжээнээс битгий хойш суугаарай.
Оюутнуудад хандаж хэлэхэд,
Үйл ажиллагаанд томоохон компанийн CEO нар болон технологийн ахлах мэргэжилтнүүд ирэх болно. Тиймээс тэдгээр хүмүүстэй танилцаж, өөрийгөө таниулах боломжийг битгий алдаарай. Төгсөөд өөрийнхөө ажиллахыг хүсдэг компанийнхаа удирдлагатай уулзаж, тэдний туршлагаас судлаарай. Түүнчлэн энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцаж, дадлага хийх, ажиллах газрынхаа талаар мэдээлэл авах боломжтой шүү.
Шинэхэн мэргэжилтнүүдэд зөвлөхөд,
Мэдээлэл технологийн залуучуудад өдөр тутамд жижиг хүндрэл бэрхшээл тулгардаг. Мэдээллийн аюулгүй байдал, дизайн, хөгжүүлэлт гэх мэт өөрөөс шалтгаалахгүй хийх шаардлагатай ажлууд гарч ирдэг. Эдгээр асуудлыг өөрсдөө шийдвэрлэхэд дотоодын нөөц бололцоогоо ашиглана гэхээр хүнд байдаг. Тиймээс салбар дотроо танилын хүрээгээ тэлж, эвент дээр танилцсан залуучуудаасаа тусламж хүсэх, шийдвэрлэж чадахгүй асуудал дээрээ чиглүүлэг авах боломжтой.
Байгууллагын удирдлагуудад,
Танай компанид ажиллаж байгаа технологийн залуучууд гэхээс илүү та бүхнийг ирж оролцоосой гэж хүсэж байна. Учир нь өнөө цагт технологийн салбарын мэдлэггүй гүйцэтгэх удирдлага байна гэдэг маш хэцүү болчихсон. Иймд арга хэмжээнд ирж цахим технологи, дижитал бүтээгдэхүүний талаар цогц ойлголттой болоорой.
Та “Digital Product Conference 2024” үйл ажиллагааны тасалбараа ЭНД дарж захиалаарай.
ХААНА: Соёлын Төв Өргөө
ХЭЗЭЭ: 2024.11.18, Даваа гараг
ХОЛБОО БАРИХ: 77477700
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.