Б.Арго: Фэйсбүүкийг хааж, хяналттай үндэсний сүлжээтэй болъё

Л.Баяржаргал
10 сарын 31, 2017

"Цахим халдлагаас ард түмнийг хамгаалах Монголын нийгэмлэг"-ийн тэргүүн Б.Арго өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ Б.Арго "Фэйсбүүк, твиттерийг хааж, хяналттай үндэсний бие даасан сүлжээтэй болох шаардлагатай байна. Тус цахим хуудсуудыг зөв хэрэглэвэл ашигтай, давуу талтай зүйл олон. Гэвч сүүлийн үед сайнаасаа илүү муу нөлөөлөл нь олон болчихлоо. Сурагчид хичээл хийхгүй байна. Тэд өдөрт 4-5 цагийг зөвхөн фэйсбүүк ухаж, гар утсаа оролдож өнгөрөөдөг гэсэн судалгаа гарсан. Үүнээс үүдэд гэрийн ажил хийдэг ч хүүхэд байхгүй боллоо. Өнөөдөр гэрийн ажлаа хийж сураагүй хүүхдүүд ирээдүйд сайн инженер болно гэдэг худлаа зүйл. Түүнээс гадна хүүхдүүд фэйсбүүкээс хэрэгтэй зүйлээ олж уншихаас илүү эмх замбараагүй буруу зүйлд ихээхэн уруу татагдаж, түүнийг сонирхон уншиж байна. Үүнийг анхаарах цаг болсон" гэдгийг онцлов.

Мөн тэрээр фэйсбүүк, твиттер нь нийгэмд болон хүмүүсийн хооронд дайсагнал үүсэх гол хэрэгсэл болж байна. Хүмүүс цахимаар бие биенээ хамаагүй үгээр доромжлох нь их болсон. Нэг жилийн дараа хэн нэгнийг цахимаар доромжилсний улмаас амиа алдлаа гэсэн хэрэг гарвал гайхах зүйлгүй болоод байна. Тиймээс эдгээр хортой нийгмийн сүлжээг хааж, "БНХАУ-ын "Wechat" шиг иргэд регистерийн дугаараа бүртгүүлж нэвтэрдэг үндэсний нийгмийн сүлжээг бий болгох хэрэгтэй гэдгийг мэдэгдэж, энэ асуудалд иргэд болоод холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Холбоотой сэдвүүд

facebook twitter үндэсний сүлжээ б.арго

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.