Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйч Б.Алтанзаяатай өсвөр насныхны нас, сэтгэлзүйн онцлог, эцэг эхчүүдийн түгээмэл алдааны талаар ярилцлаа.


Хүүхдийн насны онцлогоос хамаарч ярилцах сэдвийн хүрээ өөр өөр байдаг

Эцэг эх та хүүхэдтэйгээ хэр сайн ярилцдаг вэ? Ярилцахад учир бий. Ээж нь хоол хийнгээ, хүүхэд нь ногоо арилгаж, аав нь зурагт үзэнгээ “Аан, тийм…” гэж ганц нэгхэн үг солилцох нь ярилцаж байгаа хэрэг биш юм шүү. Ярилцахдаа дараах зүйлсийг анхаараарай.

Эцэг эхчүүд хүүхдэдээ сул талаа мэдэгдчих вий, асуултад нь хариулж чадахгүй бол яах вэ, хүүхдэдээ хүндлэгдэхээ больчих вий гэж эмээдэг тал бий. Энэ бол айж ичих сэдэв биш. Асуусан асуултын хариултыг хамтдаа хайж олж болно шүү дээ. Гол нь та хүүхдийнхээ ярьсан зүйлийг, нууцыг нь чандлан хадгалаарай. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ итгэж ярьсан нууцыг найз нөхөд, хамаатан садандаа орхидог. Ингэснээр хүүхэд эцэг эхтэйгээ нээлттэй ярилцах дургүй болдог гэдгийг аав ээжүүд анзаардаггүй. Таны нууцыг олон хүн мэдэж байвал танд ямар санагдах вэ, өөр дээрээ тунгаан бодоод үзээрэй.

Мөн хүүхдийн насны онцлогоос хамаарч ярилцах сэдвийн хүрээ өөр өөр байна. 

Тухайлбал долоо хүртэлх насны хүүхэдтэйгээ гараг эрхэсийн тухай, тоглоом нь хэрхэн бүтдэг тухай гээд танин мэдэхүйн сэвдийн хүрээнд оюун бодол, мэдлэгийг нь тэлэх зүйлсийг түлхүү ярилцаарай. 

7-11 насны хүүхэдтэй ихэвчлэн өөрийнх нь тухай ярилц. Өдрийг юу хийж өнгөрүүлсэн талаар, хичээл нь ямархуу байсан, ямар ном уншсан талаар гээд өөртэй нь холбоотой зүйлсийг ярилцах нь зүйтэй. 

Харин өсвөр насны буюу 12 дээш насны хүүхэдтэйгээ ярилцах сэдэв харьцангүй чөлөөтэй, нээлттэй байх хэрэгтэй. 

Хэрэв хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлэхийг хүсвэл шууд л “Чамд хэн таалагдаж байна” гэж огцом асуухаас татгалзаарай. Үүний оронд аав, ээж нь яаж танилцсан тухай, анх хэзээ хүнд дурласнаа гээд өөрийнхөө дурамжаас яриагаа эхлүүлж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь өөд өөдөөсөө харж суугаад, нүд рүү нь эгцэлж харж халуун дотно яриаг өрнүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй шүү.

Бичлэг үзэх:


Өсвөр нас бол хүүхэд өөрийнхөө ертөнцийг олох үе гэдгийг хүлээн зөвшөөр

Хүүхэд том болохын хэрээр “Би өөрөө өөрийнхөө төлөө шийдвэр гаргана, том болчихсон” гэсэн хандлагатай болдог. Зарим эцэг эхчүүд үүнийг нь ойлгохгүй уурлаж бухимдах нь бий. Үнэндээ энэ бол тухайн хүүхдийн бие хүний ертөнц томорч байгаа хэрэг. Тиймээс эцэг эхчүүд үүнийг эерэгээр хүлээн авах хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө ертөнцийг олж байж л амьдарна шүү дээ. 

7-9 насыг өсвөр насны суурь үе гэж  үздэг.  Энэ үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү ойр байх хэрэгтэй. Цаг зав яагаад гаргаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, ойлголцох нь чухал. Хэдий ажилтай байгаа ч, дүүг нь хараад завгүй болсон ч  өөрийг нь хайрлахаа болиогүй гэдгийг учирлан тайлбарлаарай. 

Өсвөр насыг тэсрэх бөмбөгтэй зүйрлэж болмоор санагддаг. Таны хүүхэд өглөө нь өөдрөг инээмсэглэлтэй өдөр нь яасан нь мэдэгдэхгүй уурлаад, орой дуугаа хураагаад юу ч ярихгүй ч байж мэднэ. Магадгүй гэнэт уйлж ч болох юм.Энэ нь тухайн насныхны онцлог. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд асуудалгүй өнгөрнө гэж хэзээ ч байдаггүй. Ийм нөхцөлд эцэг эхчүүд л асуудлыг шийдвэрлэх алхмыг хийх хэрэгтэй. Учир нь та ч мөн тэдэнтэй адил хүүхэд байсан шүү дээ. Харин таны хүүхэд том хүн байж үзээгүй гэдгийг ухамсарлаарай. Бүх зүйл тэдний хувьд анхных учир илүү ухаалаг харилцааг эрхэмлэх нь үр дүнтэй.

Хүүхэдтэйгээ ярилцахдаа өөрийнхөө дурсамжийг, өөрийн үзэл бодлоо хуваалцаарай. Ингэснээр өөртөө итгэх итгэлтэй болж өсвөр насны суурь зөв тавигдана. Цаашдаа дунд үеийг ч мөн аятайхан давж эцэг эхтэйгээ найзууд шиг дотно болдог.


Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг гурван хүчин зүйл

Нэгдүгээрт: Гэр бүл салалт. Гэр бүлийн салалт амссан хүүхдийн сэтгэлзүй гэмтдэг. 

Хоёрдугаарт: Үхэл. Мэдээж байгалийн жам хэдий ч сэтгэлзүйн асуудал үүсдэг. 

Гуравдугаарт: Үл хайхрах хандлага. Эцэг эхчүүд бага ангид нь анхаарал хандуулж байснаа  3-6 дугаар ангид орох үеэс нь бие даалгаж эхэлдэг. Хичээлийг нь асуухаа больж, ярилцах нь багасдаг. Энэ бол цэвэр үл хайхрал юм. Энэ хугацаанд хүүхдийн хүмүүжил нэг л биш болсныг анзаарч өсвөр насанд нь гэнэт анхаарч эхэлдэг. Энэ нь хүмүүжлийн зөв арга барил биш. Бүх цаг үед та хүүхдийнхээ хажууд байх ёстой. Та хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл сайн найз,  хамтрагч нь байх хэрэгтэй хэзээ ч бүү мартаарай.


Бие махбодийн шийтгэл амссан хүүхэд насан туршдаа сэтгэл зүйн эмгэгтэй болгодог

“Би бага байхдаа зодуулдаг л байсан яав л гэж…” гэж ярьдаг хүмүүс бий. Үнэндээ ийм бодолтой эцэг эхчүүдийн хүүхдүүд зодуулж, загнуулж өсдөг, тэр хэрээрээ сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, трауматай байх магадлал өндөр. Өнөөдөр нийгмээрээ шахуу л тамхи татаж, архи ууж байна. Энэ бол тэр чигээрээ сэтгэл зүйн гэмтэл авсны илрэл. Үүнийгээ зүгээр гэж хараад байдаг. 

Ирээдүйд таны хүүхдийн өмнө хоёр сонголт гарч ирдэг. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийх эсвэл бусдын төлөө хийх. Тэгвэл зодуулж өссөн хүүхэд бусдын төлөө байхыг л сонгодог. 

Учир нь албадлагаар өссөн хүүхэд өөрийгөө бодох сэтгэлийн тэнхээ, зориггүй болж өсдөг. Ийм хүмүүжлийн хэлбэрээр өссөн хүүхдүүд аймхай, хүлцэнгүй хүн болж өсдөг. 

Зодуулж өссөн хүүхэд амьдрал дээр хүчирхийлэлд өртлөө ч салж холдож чаддаггүй. 


Аав та хүүхдийн хүмүүжилд онцгой үүрэгтэй

Аавууд хүүхдийн хүмүүжлээс хол хөндий үлдчих гээд байгаа нь анзаарагддаг. Хүүхдээ салхинд гаргадаггүй, хамт тоглодоггүй аавууд зөндөө. Ангийн хуралд гэхэд ээжүүд голдуу сууж харагддаг шүү дээ.

Ийм нөхөртэй эхнэр хүн эрэгтэй хүүхдээ нөхрийнхөө оронд хайрладаг. Хүүхдээ 21 хүрчихсэн байхад ч нялх гэж бөөцийлсөн хэвээрээ. Ийм ээжүүд хүүхэд нь гэрлэж, амьдралын ханиа сонгоход сэтгэл зүйн цохилтод орж, найз бүсгүйг нь буруутгах хандлагатай болдог. Тиймээс  хүүхдийн хүмүүжилд аав нарын оролцоо, сэтгэл зүтгэл маш чухал.

Ээжийн үүрэг давамгайлсан гэр бүлийн хүүхэд бие дааж шийдвэр гаргах чадвар султай нь судалгаагаар тогтоогдсон. Харин аавын үүрэг давамгайлсан гэр бүлийн хүүхдүүдийн танин мэдэх чадвар өндөр байдаг. 


Өсвөр насныханд аминчлан зөвлөх үгс байна...

Өнөөдөр чиний амьдрал утгагүй санагдаж байна уу.  Идэх хоолгүй, очих газаргүй үе ч чамд таарч мэднэ. Ямар ч байсан хамаагүй, энэ бол зөвхөн өнөөдрийн л нөхцөл байдал юм шүү. Яагаад гэвэл чамд хүн гэдэг нэр төр, сэтгэх тархи оюун бий. Эрүүл саруул байгаа цагт юуг ч сурч чадна гэдэгтээ итгээрэй. Итгэлээ л бүү алдаарай.

Хүн бүрийн амьдралд асуудал бий. Бүхий л асуудал ард чинь үлдэнэ гэдэгт итгээрэй. 

Залхуурлаа ялан дийлээрэй. Асуудал тулгарлаа гээд орон дээрээ эвхэрч хэвтээд, эмороод байж болохгүй. Залхуурал нь сэтгэл гутралыг дагуулдаг. Сэтгэл гутралыг ялахын тулд идэвхитэй дасгал хөдөлгөөн хийгээрэй. Баян болохыг мөрөөдөх биш, өөрийгөө олохыг хичээгээрэй гэж зөвлөж байна. 

Хэрвээ асуудлаа аав ээж, найз нөхдөдөө ярьж чадахгүй шаналж байгаа мэргэжлийн сэтгэл зүйчид хандаад үзээрэй. 

Мөн хүүхдийн тусламжийн үйлчилгээ төв болох 108 утастай холбогдоорой.

Энд дарж асуудал талгарсан үед хэрхэх талаар мэдээллийг аваарай.