Барилгын хөгжлийн төвийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран "Халуун сэтгэл" аян зохион байгуулж цусаа хандивлалаа.

Нэг хүний хандивласан цус 3 хүний амь насыг аврах үйлсэд зориулагддаг. Тиймээс өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн 80 орчим алба хаагчид энэхүү аянд нэгдэж цусаа хандивласан юм. Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг. Тэгвэл нэг удаад 350-400 мл цус өгөхөд гурван хүний ам нас аврах боломжтой.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Халуун сэтгэл” арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Барилгын хөгжлийн төв 2019 оныг “Үүрэг хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан албан ажилдаа хариуцлагаа өндөржүүлээд зогсохгүй хамт олонч байдал идэвх санаачилгаа нэмэгдүүлэн, ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хувь хүний ёс суртахуун, энэрэнгүй сэтгэлийн илрэл болсон энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг та бүхэндээ уриалж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” гэлээ. Барилгын хөгжлийн төвийнхөн ийнхүү цусаа хандивласнаар 240 хүний амь насыг аврах боломжтой боллоо гэдгийг Цус сэлбэлт судалалын үндэсний төвийн эмч нар хэлж байлаа.

Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа өгөхөд тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд энэ хугацаанд хүний цус хангалттай төлждөг. Байнга цусаа өгдөг доноруудын эрүүл мэндийн боловсрол бусдаас илүү байдаг бөгөөд эрүүл аж төрөх ёсны талаар болон өөрийгөө өвчин эрсдэлээс сэргийлэх талаар байнга мэдээлэл авч байдаг. 2013 онд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар цусаа тогтмол өгдөг доноруудыг өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага гэсэн дүгнэлт гарсан байдаг.