Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр

Өнөөдөр Цусны донорын Үндэсний өдөр буюу цусаа бэлэглэх өдөр тохиож байна. ЦССҮТ-өөс уг арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд JCI Капитал байгууллагатай хамтран “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” төслийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 10 жил болжээ.

ЦССҮТ байгууллагдсанаас хойш 53 жилийн хугацаанд нийт 130 000 гаруй иргэн цусаа бэлэглэж, 500 000 гаруй хүний амь нас эрүүл мэндийг аварчээ.

Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюулгүй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгддөг аж. Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн доорх зориулалтаар хэрэглэдэг.

Цус өгөхдөө анхаарах зүйл:

Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ

Та дор дурдсан шалтгаанаар түр зуур цусаа өгөхгүй байж болно


-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
-Жирэмсэн ба хөхүүл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол



Холбоотой сэдвүүд

цус цусны өдөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.