Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь болох 1.6 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг. Хотын замын хөдөлгөөнд 685 000 тээврийн хэрэгсэл оролцож 9-13 км цаг хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсч байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүртээмж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нарлаг-Улаанбаатар Ротари клубтэй хамтран 2020 онд анх удаа Монгол улсад дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэхээр туршилт судалгааны ажлыг эхлүүлжээ. 

Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2023 онд 70 эмнэлэгт өдөрт 1-2 удаа  цусан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ба эмнэлэг бүр 1 автомашин, 1 жолооч, 1 сувилагчтай хөдөлгөөнд оролцож, тэр хэрээр хөдөлгөөн нэмэгдэж, зардал гардаг аж.

2023 оны 09 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 'Mongolia New Smart Logistics Symposium 2023'-ын үеэр Монгол болон Япон улсын 10 байгууллага, аж ахуйн нэгж санамж бичиг зурж дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг Монголд бий болгох төслийг эхлүүлсэн байна. 

Уг төслийн хүрээнд анхны тээвэрлэлтийг 2023 оны 11 сарын 13 өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд нийт 4,75км зайд "AirTruck" буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх нислэг хийлээ. 

Энэхүү "AirTruck" тусгай ложистикийн дрон нь 1.8 кг буюу 8 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг цагт 36 км хурдтай 12 минутад зорилтод газраа хүргэлт хийсэн байна.