Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Дарга иргэдээ хянах бус иргэд даргыг хянах таны уриалга хүмүүсийн анхаарлыг татсан байх л даа. Би сая орж ирэхдээ ч уулзах хүн маань өрөөндөө байгаа болов уу гэж санаа зоволгүйгээр үүдний дэлгэцээр таны юу хийж байгааг харлаа. Гэхдээ энэ ажилд хэр их мөнгө зарцуулсан нь сонин байна?

-Нэг ч төгрөг зарцуулаагүй. Өмнөх дарга үүд рүүгээ харсан камертай байсан. Үүдэнд хэн ирж байгааг хардаг систем. Харин би гадна байсан камерыг дотор оруулаад, дотор байсан хяналтын системийг гадна талд гаргасан гэсэн үг.


-Иргэний хяналт гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Иргэн миний хувьд даргыг өрөөндөө юу хийж байгааг харахаас гадна шилэн дансаар нь дамжуулан төсвийн зарцуулалтад хяналт тавих боломж чухал. Танай байгууллагын наймдугаар сарын шилэн дансны мэдээллийг орж харахад мэдээлэл тавигдаагүй байна. Та шилэн байж чадах уу?

-Миний хувьд энэ албандаа ирээд долоо хонож байна. Санхүүгийн ажилтантайгаа ч одоогоор танилцаж амжаагүй байна. Шилэн дансны мэдээллээ нээлттэй байлгана. Манайхаар үйлчлүүлэхээр ирж байгаа иргэд харах боломжтойгоор коридорт мэдээллээ нээлттэй тавина.  Урьд нь гомдлыг утсаар ярьж, бичгээр авчирч өгөх ёстой байсан бол цахимаар шууд гомдол хүлээж авдаг систем хийж байна. КоллПро системтэй холбож байгаа. Бүх мэдээллүүд дата бааз үүсээд, ийшээ орж байгаа. 


-Та ирэнгүүтээ хүмүүсийг бухимдуулдаг асуудлуудыг барьж аваад бужигнуулж байна. Харин халаа сэлгээ хийж дотроо бужигнуулсан уу?

-Нэг ч хөдөлгөөн хийгээгүй. 36 орон тоотой байсныг Шадар сайдтай яриад 45 болгож байна. Орон нутагт нэгжгүй байсныг аймгийн Засаг дарга нар болон, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нартай ярилцаад, аймгийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэгж үүсгэх буюу эрх бүхий албан тушаалтан байлгахаар бараг шийдэгдэж байна. 

Орон нутагт ажиллах ажилтан тухайн Засаг даргын тамгын газраасаа цалинжиж, байр саваар хангагдаж явна. Улсын байцаагчийн эрхээ манайхаас авна. Тэгэхээр миний хувьд одоогоор нэг ч хүн халаагүй, байгууллага доторх орон тоогоо есөөр нэмээд, орон нутагт нэг ч хүнгүй байсан бол 21 хүнтэй болж байна. Тодорхой хэмжээгээр цаашдаа ур чадварын асуудлуудыг хөндөнө. 


-Осолд орсон автомашины мэдээллийг нээлттэй болгоно гэсэн. Ямар ашиг тустай вэ?

-Осолд орсон автомашиныг тухайн хүн худалдаж авахгүй байх боломжтой болно. Одоо улсын дугаар олгогдсоноос хойш мэдээлэл Авто тээврийн үндэсний төвийн https://www.autobox.mn/гэсэн сайтаар ороод, улсын дугаар,  тухайн машины гэрчилгээний дугаарыг оруулахаар Монгол Улсад автомашины бүртгэлд бүртгэлтэй дугаар авсанаас хойшхи бүх мэдээлэл байдаг. Осолд орсон бол Замын цагдаагийн газарт бүртгэл нь бий. Асуудал нь юунд байна гэхээр дугаар авахаас өмнөх бүртгэлийн асуудлыг бид яриад байгаа юм. 

Гаднаас тээвэрлэгдэн ирж буй бүх машин, техникийн мэдээллийг нэг дата дээр бөөгнүүлэх ажлыг хийж, арлын дугаараар иргэн шууд шалгах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл тухайн иргэн машиныг худалдан авахдаа арлын дугаарыг нь уншуулж үзээд, осолд орсон уу, сэлбэгээр бүртгэгдэж Монгол Улсад ирсэн үү гэдгийг харах боломжтой болно. Бид энэ тухай мэдээллийн системийг нэг болгохоор ажиллана. Тэрийг шийдчихвэл олон ослоос сэргийлэх боломжтой учраас мэдээллээ нээлттэй болго гээд байгаа юм. 


-Шошгоны стандарт мөрдүүлэхийг шаардах зөв л дөө. Гэхдээ олон жилийн өмнө яригдсан мөртлөө одоо ч цэгцрээгүй асуудал. Нэг далайлтаар шийдэх боломжтой юу. Эсвэл эхэндээ шаардлага тавьж байгаад аанай л мартагдах болов уу?

-Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн аймаар мундаг гарч ирсэнээ бүгдийг нь шийдээд, шинээр мөрдүүлэх гээд байгаа юм биш. Байгаа хууль, дүрэм журам, стандартаа  дагаж мөрд л гэсэн юм. ШӨХТГ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. 

АНУ-аас ирж байгаа жимс Монголд хэд хоногийн дараа ирэх вэ. Тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдах гэх мэт олон зүйлийг бид хөндөөгүй байна. Эхний ээлжинд ядаж шошгон дээрх орц, тайлбараа янзал гэж байгаа юм.   


-Шошгон дээрх мэдээллийг эх хэлээрээ унших хэрэгцээ бий. Гэхдээ сайхан сэтгэлээр, ариун зорилгоор эхлүүлсэн үйлс ч бизнес эрхлэгчид дээр очихдоо дарамт болж бууж магадгүй. Шинэ дарга ирээд шалгана, хянана шүү гээд байхаар бизнес эрхлэгчдэд өөр дохио өгч мэднэ?

- Бид торгоно гээгүй шүү дээ. Дэлгүүрийг чинь хаана, бизнесийг чинь зогсооно гэж хэлээгүй. Зүгээр л стандарт мөрдөөд ажилла л гэж байгаа юм. Зөвлөмж хүргэж байна. Та бүхэн хуулиа мөрдөж ажиллаарай. Хуулиа мөрдөхгүй бол бид дараагийн шаталсан арга хэмжээг авна. Санууллаа шүү гэж байгаа юм.


-Нэг удаа аян хэлбэрээр шуураад өнгөрөх бус биелэгдтэл нь анхаарч ажиллана гэсэн үг үү?

-Биелүүлнэ. Заримдаа бид гуйхгүй, “гуядана”. Гуйх үедээ одоо гуйж байгаа. Заримдаа сургамж хэрэгтэй байдаг шүү дээ. Айлын гурван хүүхэд үймүүлээд болохгүй болохоор нэгийг нь барьж аваад аав нь “таван салаа боов”-ны амт үзүүлчихээр хүүхдүүд томоотой болчихдог. Түүн шиг процесс явахыг ч үгүйсгэхгүй. Нэг байгууллагыг хашраагаад, нөгөө байгууллагуудад ойлгуулах хэмжээнд хүртэл явна шүү дээ.


-Шонд өлгүүлэх эхний  бай болчихгүйн тулд хичээх хэрэгтэй юм шиг байна?

-Бид нөгөө талдаа урамшууллын систем хэрэгжүүлнэ. Сангийн яаманд тендертэй холбоотой “Хар жагсаалт”, “Цагаан жагсаалт” гаргадаг. Хэрэглэгчдийн эрхийг дээдлэх асуудлаар ч бид “Хар жагсаалт”, “Цагаан жагсаалт” гаргана. 

Цагаан жагсаалтанд орсон байгууллагуудыг урамшуулж, дэмжинэ. Тэр байгууллагыг байн байн шалгаж, торгох шаардлагагүй. Хэрэглэгчийн эрхийг дээдэлж байгаа байгууллагуудаа бид сурталчилна. Сайны жишээ болгоно. Хуулиа мөрдөөд явбал ямар хэмжээний дэмжлэг авахыг бид бас харуулахыг хүснэ. 


-Хувийн сургуульд хүүхдээ өгдөг эцэг, эхчүүдийн хувьд болгоомжлол байна. Гэрээндээ давагдашгүй хүчин зүйл энэ тэрээгээ бас тусгах ёстой шиг байгаа юм. ШӨХТГ энэ асуудалд ямар оролцоотой байгаа вэ?

-Гэрээгээ уян хатан нөхцөлтэйгээр, харилцан биенээ хүндэлсэн, аль нэг талын эрх ашгийг давамгай байдлаар авч үзэлгүйгээр хийгээч л гэж байгаа юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд ч ингэж заасан. Аль нэг талыг давамгай байдлаар гэрээ хэлцэлд тусгасан байвал хууль шүүхийн шатанд гэрээн дээр шинжээч томилогддог. 

Шинжээчийн дүгнэлт тухайн байгууллагын эсрэг гарна. Боловсролын байгууллагаас эцэг, эхчүүдтэй байгуулж байгаа гэрээгээ баримтлах учиртай.Түүнээс бид гэрээний заалт болгон дээр ажиллаад, оролцоод явна гэсэн юм байхгүй. Давагдашгүй хүчин зүйл гэдэг гэрээ болгон дээр байдаг. Энэ заалтыг авч хаясан сургууль, цэцэрлэг, дээд сургууль байвал гэрээнийх нь дагуу тухайн байгууллагад асуудал үүсгэнэ.


-Асуудал үүсгэнэ гэхээр яана гэсэн үг вэ?

-Гэрээгээ шинэчлэн байгуулахыг шаардана. Хэрэв бидний сануулга, зөвлөмж, таван сайдын тушаалын дагуу ажиллахгүй бол, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчвөл бид тухайн сургуулийн тусгай зөвшөөрлийн асуудлыг ч Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярина. Монгол Улсын Шадар сайдаас БШУЯ руу албан тоот хүргүүлж байна. Уг албан тоотод бид ийм шаардлага тавина гээд тусгаж байгаа.  Төр хүүхэд болгонд хувьсах зардал өгч байгаа шүү дээ. Бид хариуцсан эрх, үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Одоо хувийн хэвшил хариуцлагаа хүлээх ёстой.


-“Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг наасан дэлгүүр олон байдаг. Их бүдүүлэгхарагддаг л даа. Харин танайх “Зарагдсан барааг буцаахгүй гэж болохгүй” гэсэн аян өрнүүлж байгаа юм байна. Яг ийм бичиг наасан тохиолдол байвал хаана хандах вэ?

-115 гэсэн дугаарт шууд хандаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид зарласан. Томоохон их дэлгүүрүүд,  сүлжээ дэлгүүрүүдэд албан ёсоор мэдээлэл хүргүүлсэн. УИД гэхэд л дотроо түрээслэгчидтэй. Тэдэндээ ч мэдэгдэх үүрэгтэй. 


-Машинтай иргэдийн зүгээс  шатахуунд юм хольдог гэж гомдоллодог. Энэ асуудлаар ямар арга хэмжээ авах вэ? 

-Өнөөдрийг хүртэл шатахуунд юм хольж байгаа гэсэн нотлох баримт алга байна. Бид шатахуун түгээх станц, шатахууны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлж байна. Та нар шатахуун хадгалж байгаа саваа сайн цэвэрлэ, нэг сарын хугацаанд стандартын дагуу хааж байгаад цэвэрлэх ёстой. Саваа сайн цэвэрлэлгүй хольж хийсээр байгаад их хэмжээний лаг, бохирдол үүсдэг. Тэр бохирдол нь бензин авч байгаа автомашин руу ороод, бензин насосонд нөлөөлж байгаа юм. Машин явж чадахгүй гэсэн үг. Бензин насосны эвдрэлийг жолооч нар муу, хольсон шатахуунаас боллоо гэж тайлбарлаад байгаа юм. 

Төрөөс “Эрчис ойл” гэж компани байгуулсан. Энэ компани ШТС-ууд болон шатахууны худалдаа эрхлэгч байгууллагуудад шатахуун өгч байгаа. Нөгөө талдаа “Роснефть”-ээс шатахуунаа авдаг. Энд байгаа ШТС, шатахууны худалдаа эрхлэгчид дээр өнгөрсөн таван сард шалгалт хийгдчихсэн. Дүн нь гарсан. Монгол Улсын хилээр төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж байгаа шатахуун дагалдах бичигтэй ирж байгаа. Шатахууны үзүүлэлт ийм ийм гээд. Энэ үзүүлэлт, Монгол Улсын газар нутагт зарагдаж байгаа шатахууны үзүүлэлт хоёр зөрж байгаа. Гэхдээ бид ОХУ-аас орж ирж байгаа “Роснефть“-ийн шатахууныг шалгах ёстой. Яг энэ үзүүлэлтийнхээ дагуу байгаа эсэхийг нягтлах ажил одоо явагдаж байна. Энэ дүн гарахаар тодорхой болно.


-Ажлаас гадна шинэ дарга Б.Бат-Эрдэнэ ямар хүн бол гэж манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та “ББ үгс” гээд цуврал ном гаргасан юм байна. “Титэм үг”-нээс санаа авсан уу?

-Багаасаа л бичсэн. ББ цуврал зохиолууд 2016 оноос бичигдэж эхэлсэн. 2018 онд хэвлэгдэж эхэлсэн. Одоо надад долоон боть зохиол бэлэн байна. Миний хувьд "JCI Монгол"-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга байлаа. МХЕГ-ын дэд дарга, Шадар сайдын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан. Арав гаруй жил бизнес хийсэн. Агаарын тээврийн чиглэлээр бизнес хийдэг байсан. АНУ-д компанитай байв. 

2012 онд улс төрд эргэлт буцалтгүй орох болсонтой холбогдуулаад, бизнесүүдээ бүгдийг зарсан. Сүүлийн найман жилд улс төрийн чиглэлээр ажиллаж байна. Одоо би МУИС-ийн Улс төрийн танхимд залуусын тулгамдсан асуудлаар докторын зэрэг хамгаалахаар явж байна.


-Та БНСУ-д "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан гэсэн. Энэ чиглэлийн бизнес хийсэн юм байна. Улаанбаатар их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн юм билээ. Энэ мэргэжилээс тань үлдсэн хобби байдаг уу?

-За одоо ч нэг их юм байхгүй дээ. Монголын нууц товчоог олон улсад гаргахаар 2004-2008 оны хооронд олон улсын эрдэмтэдтэй хамтраад, би өөрөө төслийн удирдагчаар ажилласан. Компаниасаа бүх санхүүжилтийг гаргаад, англи, солонгос, япон хэлээр тухайн орны хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн орчуулгыг аваад, олон улсын Монголч эрдэмтдийн холбоотой хамтраад ажиллаж байлаа. Энэ бүтээл 2013 онд эрчимтэй хэвлэгдээд, тараагдаж дууссан. 700 гаруй хуудастай том бүтээл байдаг. Манай бүтээлд зориулаад Д.Лувсаншарав гуай ая хийсэн. Үүгээр их бахархдаг. 

Монголын нууц товчоогоор анхны аудио CD гаргаж байлаа. Миний ботийг зарим нь 100 хэдэн хуудастай юм билээ гэдэг. Хуудасны тоо бус агуулга чухал. Хэрэв хуудасны тоог тоолох гээд байгаа бол миний гаргасан 700 хуудастай Монголын нууц товчоог аваад үзээрэй.

-Та боть зохиол гээд байх юм. Залуу хүн бусдад сургааль үг хэлэхэд эрт биш үү?

-Би бол ухааныг насаар хэмждэггүй гэж ойлгодог. Би олон улсын агаарын тээврийн холбооны чиглэлээр сурч төгсөөд, өөрийн компанийг байгуулахдаа 30 гаруй орноор явсан. Энэ хугацаандаа үзэж, харсан туулсан тэр бүх ухаан болов уу л гэж ойлгодог. Алдаанаас орж ирэх ухаарал гэж байдаг.  

Гудамжинд нэг ч төгрөггүй уйлаад явж байсан удаа надад бий. Автобусны мөнгөгүй алхах үе ч байсан. Халаасаараа дүүрэн доллартай, долоо хоногт  2000 доллар үрсэн удаа ч бий. Нэлээд юм үзэж туулсан юм болов уу гэж ойлгож байна.