“За байдаг л зүйл шүү дээ. Юун сүртэй юм” гэх хэн нэгний ихэрхэл, бардамналын цаана бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл, сэдэл нуугдаж байдаг аж. Тэр тусмаа ажлын байранд сексийн тухай дүрслэн ярих, асуулт тавих, хошигнох, дуу авиа гаргах зэрэг бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл нь даамжирч, нэг л мэдэхэд бие махбодийн хүчирхийлэлд хүргэдэг. Ихэвчлэн эрэгтэй удирдах албан тушаалтнуудын зүгээс энгийн ажилтан, албан хаагч эмэгтэйчүүд рүү чиглэсэн бэлгийн  дарамт нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл нэмэгдэхгүй байх нэг далд шалтгаан, саад тээг болдог нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнгээс тодорхой харагдана.

Мэдээж бэлгийн мөлжлөг нь эмэгтэйчүүдийг сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд шууд саад болохгүй ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн идэвх оролцоотой байх, албан тушаал ахиж дэвших зэрэгт нөлөөлдөг. Ингээд зогсохгүй сэтгэл санааны байдал, ар гэрийн амьдралд нь хүнд цохилт болж, амиа егүүтгэх хүртэл олон асуудлын суурь шалтгаан болдог аж.

Хүний эрхийн үндэсний комисс 2016-2018 онд 14, 2019 онд есөн иргэнээс бэлгийн дарамтад өртсөн тухай гомдол хүлээн авсан байна. Гэтэл 2019 оны хохирогчдын хоёр нь ажлаас халагдсаныхаа дараа, хоёр нь албан тушаал буурсныхаа дараа, гурав нь сахилгын шийтгэл хүлээснийхээ дараа хүний эрхийн байгууллагад ханджээ.

Ийм байдлаар бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэйчүүд албан тушаал буурч, ажлаас чөлөөлөгдөж, хүнд нөхцөл байдалд орсныхоо дараа гомдол гаргадаг байна.

Дарга майк, дотоожтойгоо орон дээр хэвтэж байсан

Хүний эрхийн үндэсний комисс Шихихутуг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд оролцогч 1120 хүний 82.1 хувь нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл таван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэх судалгааны дүн гарсан. Энэ нь бэлгийн дарамтад өртдөг эмэгтэйчүүд бүгд гомдол гаргадаггүй болохыг харуулж байгаа юм. Үүнд нэр төрөө бодох, дарамт шахалтаас айх, ихэвчлэн эмэгтэйчүүдийг буруутгадаг нийгмийн хэвшмэл хандлага нөлөөлдөг байна. 

Ихэнх тохиолдолд хүссэн зүйлийг нь хийгээгүйн төлөө эрэгтэй удирдах албан тушаалтнаас ирдэг дарамт шахалтыг эмэгтэйчүүд ийнхүү чимээгүй үүрдэг. Цөөн хэд нь гомдол гаргадаг ч ажил албан тушаал буурах эсвэл ажлаасаа гарч давхар хохирсныхоо дараа л хүний эрхийн байгууллагад ханддаг байна. Тэгвэл ийм дарамт, шахалт дунд ажиллаж байгаа хүн бүтээмжтэй ажиллах, идэвх оролцоотой байх, цаашлаад албан тушаал ахиж шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллана гэдэг хүнд.

Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр болон өөр бусад хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.

Хүний эрхийн үндэсний комиссын 2021 он, 2022 оны харьцуулсан судалгааны үзүүлэлтээс харахад судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 25-27 хувь нь бэлгийн дарамтад өртсөн, 4-6 хувь нь хэлэхийг хүсэхгүй байна гэж хариулжээ. Харин 2021 онд 92 эмэгтэй, 2022  онд 82 эмэгтэй хүчиндүүлэх үйлдлийн хохирогч болсноо шууд илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь судалгаанд оролцохдоо хохирогч болсноо хэлдэг ч өргөдөл, гомдлоо холбогдох газруудад гаргадаг нь хэд дахин цөөн. Гомдол гаргасан ч үнэн зөвөөр шийдэгддэггүй байна.

2021 онд ажлын байрны бэлгийн дарамтад өртөөд удирдлагадаа гомдол гаргасан төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн 50 хувь нь “асуудал шийдэгдээгүй”, 12 хувь нь эсрэгээрээ буруутгагдсан гэжээ. Учир нь удирдлагын зүгээс үл тоож, асуудлыг шийдэлгүй хайнга хандаж, эргээд хохирогчийг буруутгах хандлага гаргаж байгаа нь “байдаг л зүйл” гэсэн байгууллагын соёлтой холбоотой гэж Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд дурдсан байна.

Ажлын байранд бэлгийн ажлын тухай дүрслэн ярих, асуулт тавих, хошигнох, дуу авиа гаргах зэрэг үйлдэл нь үг хэл, үйлдлээр илрэх бэлгийн дарамтад орно. Гэтэл байгууллагын удирдлагууд эдгээр үйлдлийг хэвийн, байдаг л зүйл мэтээр харж, тоглоом шоглоом хэлбэрээр өнгөрөөдөг нь асуудлыг улам даамжруулдаг. Ийнхүү үг үйлдлээр илэрч байсан бэлгийн дарамт нь нэг л өдөр хүчирхийллийн хэлбэрт шилжих үндсэн шалтгаан болдог байна.

Намын байранд бэлгийн дарамтад өртөх тохиолдол гардаг

 Далд хэлбэрт шилжсэн бэлгийн дарамт нь эмэгтэйчүүдийн ажил, амьдралд шууд байдлаар сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ тэдний сонгогдох эрхээ эдлэх, шийдвэр гаргах түвшинд ажиллахад саад болдог “далд” хүчин зүйл гэж үзэж болно.

2022 оны байдлаар Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 64.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин улс төрийн албан тушаалтнуудын 76.3 хувийг эрэгтэйчүүд эзэлж буй нь төлөөллийн хувьд эрх тэгш бус байгааг харуулна. 

Үүнд олон шалтгаан, хүчин зүйл хамаатай бөгөөд бэлгийн дарамт нь далд хэлбэрээр нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг юм. Тухайлбал, улстөрч буюу сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 35.8 хувийнх нь эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн. Байршлаар нь авч үзвэл намын байранд гарсан зөрчлүүдийн  44.4 хувийг бэлгийн дарамт эзэлж буй нь анхаарал татна. 

Үүнээс гадна эмэгтэйчүүд улс төрийн өндөр албан тушаалд очсон хойноо ч “Түүний хүүхэн, үүний хүн” гэх байдлаар нэр төрийг нь гутаах, хэл амаар доромжлох, заналхийлэх  зөрчил нийгмийн сүлжээнд хамгийн их гарч байна. 

Эмэгтэйчүүд сонгогдох эрхээ эдлэхийн тулд ийнхүү амаргүй замыг туулдаг. Үүнд бидний мэдэх хүүхэд төрүүлж, гэрийн ажилдаа цаг зарцуулах зэрэг өдөр тутмын асрахуйн хөдөлмөрөөс гадна бэлгийн дарамт зэрэг бидний мэдэхгүй олон далд шалтгаан нөлөөлсөөр байна.

Одоогоор УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 17,3 хувьтай, аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 19,6 хувь нь эмэгтэй байна. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан яам, агентлаг, болон нийслэл дүүргийн газар, хэлстийн дарга нарын квот хангагдаагүй хэвээр байгаа юм.

Иймээс цаашид бэлгийн дарамтыг хэрхэн зохицуулах талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нэгбүрчлэн тусгаж, гомдол гаргасан тохиолдолд яаж шийдвэрлэх үйл явцыг нь тодорхой болгох нь чухал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.