Б.Гүен: Ханиад, томуу туссан хүүхдэд яаран антибиотик өгөхөөс илүүтэй ердийнхөөс илүү шингэн уулгаж, шим тэжээлтэй хоолоор ундлаарай

Хүйтний улирал ирж буй энэ цаг үед бага насны хүүхдүүд ханиад, томуу тусах нь ихэсдэг.  Энэ үед хүүхэд халуурах төдийд эмнэлэгт яаран хандах, дур мэдэн эм өгөх, антибиотик хэрэглэх тохиолдол цөөнгүй гардаг билээ. Тэгвэл хүүхэд халуурсан үед хэрхэн зөв асарч сувилах, өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн хүүхдийн амьсгалын эрхтэн, харшлын их эмч Б.Гүентэй ярилцлаа.


- Эцэг эхчүүд хүүхдээ халуурмагц эмнэлэгт яаран авчирдаг. Халуурсан даруйд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юу, эсвэл гэрийн нөхцөлд тодорхой хугацаанд ажиглах боломжтой юу?


Хүүхэд өглөө 08:00 цагт халуураад 11:00 цагт эмчид үзүүлэхээр ирлээ гэж бодъё. Энэ үед уушги нь хэржигнэх, хоолой нь идээлэх, чихнээс нь идээ гарах зэрэг өвөрмөц шинж тэмдэг илрээгүй байх нь элбэг. Зөвхөн нэг удаа халуурсан гэх зовиурт үндэслэн хүүхдэд бүрэн онош тавихад хүндрэлтэй.


Тиймээс хүүхдийнхээ биеийн ерөнхий байдлыг ажиглаж, тайван асарч сувилах хэрэгтэй. Халуун бууруулах эмийг хүүхдийн нас, жинд тохирсон тунгаар, шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Харин халууралттай зэрэгцэн биеийн байдал муудах, үе мөч хавдах, чихнээс идээ гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.


Бид эцэг эхчүүдэд халууралтыг ажиглаж, ямар шалтгаантай байж болохыг бусад шинж тэмдэгтэй нь хамт ажиглахыг зөвлөдөг. Тухайлбал, амьсгалын замын халдвар уу, эсвэл гэдэсний халдвар уу гэдгийг тодруулахад тодорхой хугацааны ажиглалт хэрэгтэй. Мөн гэрийн нөхцөлд анхаарах шинж тэмдгүүдийг тайлбарлаж, хэрхэн асарч сувилах талаар зөвлөгөө өгдөг.


-Тэгвэл халууралт болон бусад шинж тэмдгийг ажиглахдаа юунд анхаарах ёстой вэ, ямар тохиолдолд гэрийн нөхцөлд асарч болохгүй, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай вэ?

Бид эцэг эхчүүдэд тодорхой аюултай шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөдөг. Эдгээр шинж тэмдгийг ээж, аав нарын сайн мэддэг хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэрт ч тусгасан байдаг.

Тухайлбал, хүүхэд гурав болон түүнээс дээш хоног халуурах, амьсгалах үед цээж хонхолзох, таталт өгөх, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Ялангуяа хүүхдийн амьсгал хүндрэх, таталт өгөх, ухаан санаа нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламж авах шаардлагатай. Эцэг эхчүүд зөвхөн халууныг нь хэмжих бус хүүхдийн ерөнхий биеийн байдал, амьсгал, хооллолт, шингэн ууж байгаа эсэхийг тогтмол ажиглах нь чухал.


-Хүүхэд өвдсөн үед нь асарч сувилахаас гадна өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд өдөр тутамдаа ямар дадлыг хэвшүүлэх хэрэгтэй вэ?


Хамгийн түрүүнд асаргаа, сувилгаа болон шинж тэмдгийн эмчилгээг зөвлөнө. Амьсгалын замын өвчин агаар дуслын замаар дамждаг учраас халдвараас сэргийлэх дадал, зөв асаргаа маш чухал.


Хүүхэд өвдсөн үед нь л асаргаа, сувилгааны талаар ярихаас илүүтэй 0-18 нас хүртэлх өсөж бойжих бүхий л хугацаанд зөв асаргаа, сувилгааг хэвшүүлэх шаардлагатай. Асаргаа сайтай хүүхэд эрүүл чийрэг өсөж бойжихоос гадна бие бялдар, сэтгэцийн хөгжил нь хэвийн явагдаж, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож өөрийгөө илэрхийлэх чадварт нь эерэгээр нөлөөлдөг. 


-Хүүхдийн дархлааг дэмжихэд зөв хооллолт, цэвэр агаар, дасгал хөдөлгөөн ямар үүрэгтэй вэ? Эдгээрийг өдөр тутмын амьдралд хэрхэн зөв хэвшүүлэх вэ?


Хүүхдийн дархлааны тогтолцоог хэвийн ажиллуулахад хооллолт, нойр, хөдөлгөөн маш чухал. Хүүхэд хоол хүнсээрээ дамжуулан бие махбодод шаардлагатай амин дэм, эрдэс бодис, шим тэжээлийг авдаг. Тиймээс насанд нь тохирсон, шим тэжээлээр баялаг хоол хүнсээр тогтмол хооллох хэрэгтэй.

Хүүхдийг төрснөөс хойш эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг. Харин зургаан сартайгаас нь эхийн сүүнээс гадна нэмэгдэл хоол буюу бидний хэлдгээр бор хоолонд оруулна. Хүүхдийн өсөлт, хөгжил нэмэгдэхийн хэрээр эхийн сүү дангаараа шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангах боломжгүй болдог учраас нэмэгдэл хоол чухал юм.


Хүүхдэд зориулж хоолыг нь тусад нь бэлтгэж, орц найрлагыг нь баяжуулах хэрэгтэй. Мөн өөрийн гэсэн аяга, таваг, хооллох хэрэгсэлтэй болгох нь зөв.


Нойрны хувьд хүүхдийн насанд тохирсон хугацаанд хангалттай унтаж амрах нь чухал. Нойр нь дархлааны тогтолцоо, бодисын солилцоо, өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг. Нойр дутуу байх нь хүүхдийн бие махбодын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өвчлөмтгий болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.


Мөн хүүхдийг цэвэр агаарт тогтмол гаргаж, насанд нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх үед биеийн булчингууд агшиж, суларсны үр дүнд булчингаас тодорхой хэмжээний дархлааны уураг ялгардаг. Бодисын солилцоо нь ч эрчимжиж, дархлааны тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг.


Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийг аль болох цэвэр агаарт гаргаж байгаарай. Хотод нягтаршил их, хүн хоорондын зай ойр байдаг учраас халдвар дамжих эрсдэл өндөр. Тиймээс өрөө тасалгааг тогтмол агааржуулах, хүүхдийг боломжтой үед нь гадаа салхилуулах, хүн амын бөөгнөрөл ихтэй орчинд удаан байлгахгүй байх нь зүйтэй.


-Томуугийн улиралд эцэг эхчүүд хүүхдээ халуурахад хэт их сандарч, олон төрлийн эмийг давхардуулан хэрэглэх нь бий. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?


Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хүүхдийн халууралтаас хэт их айж, халууныг нь аль болох хурдан буулгах гэж яардаг.  Ингэхдээ олон төрлийн халуун бууруулах эм, лааг давхардуулан хэрэглэх тохиолдол бий.


Тухайлбал, ханиадны үед хэрэглэдэг Минигрипп, Максигрипп, Терафлю зэрэг зарим эмийн найрлагад парацетамол агуулагддаг. Үүнийг мэдэхгүйгээр парацетамол агуулсан өөр эмтэй давхар хэрэглэвэл эмийн тун хэтрэх, улмаар хордлого үүсэх эрсдэлтэй. Тиймээс эмийн найрлагыг заавал шалгаж, эмчийн зөвлөсөн тун, хугацааны дагуу хэрэглэх хэрэгтэй.


Харин антибиотикийн тухайд зөвхөн шаардлагатай үед, эмчийн заавраар зөв тун, хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Ханиад хүрэх, халуурах бүрд антибиотик хэрэглэх нь буруу. Учир нь антибиотик вирусийн халдварт үйлчлэхгүй. Харин шаардлагагүй, замбараагүй хэрэглэснээр нян антибиотикт тэсвэртэй болох эрсдэл нэмэгддэг.


Мөн хүүхэд өвдсөн үед хоолонд дургүй болох, хоолоо идэхгүй байх нь бий. Энэ үед хүчээр хооллохын оронд шингэнийг хангалттай уулгаж, хооллох боломжтой болсон үед нь насанд нь тохирсон хоол өгөх хэрэгтэй.


Өвдсөн хүүхдэд ердийнхөөс илүү шингэн уулгах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах гэсэн хоёр үндсэн зарчмыг орхигдуулж болохгүй.


-Ханиад, томууны үед авч хэрэгжүүлж болох өөр чухал дадлууд бий юу?


Хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, амны хөндийн болон гарын ариун цэврийг сахиулах, гараа тогтмол угаах дадалд сургах нь чухал.


Мөн дархлаажуулалтад товлосон хугацаанд нь тогтмол хамруулах шаардлагатай. Жил бүрийн намар томуугийн улирал эхлэхтэй холбогдуулан томуугийн эсрэг дархлаажуулалтын аян зохион байгуулдаг. Эцэг эхчүүд хүүхдээ уг дархлаажуулалтад хамруулах талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Жилийн дөрвөн улирал ээлжилдэг, хүйтэн сэрүүний улиралтай манай орны хувьд өвөл, хаврын цагт боломжтой тохиолдолд амны хаалт зүүх, олон хүн цугларсан газраар явахдаа халдвар хамгааллын дэглэм сахих нь чухал. Хүүхдийн дархлааг дэмжих хамгийн зөв арга бол өвдсөн хойно нь эмчлэхээс гадна өвчлөхөөс нь өмнө эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх юм.




Холбоотой сэдвүүд

нэмүт эхэмүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.