"Ногоон Ази" ТББ-ын ойн ахлах инженер Б.Хонгорзул намар мод тарихад анхаарах зүйлсийг зөвлөж байна.


Намар тарьсан мод ургах уу?

Хэзээ тарьсан мод баталгаатай ургах вэ гэж хүмүүс их асуудаг юм.  

  • Хаврын улиралд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд мод тарьдаг.

  • Намар навчаа гөвөөд дөнгөж дууссаны дараа буюу есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт таривал тохиромжтой.

Намар  тарьсан модны тухайд гэвэл тухайн эко системдээ дасдаг тул хавар эрт нахиалдаг. Тийм учраас заавал хавар л тарих ёстой гэж бүү буруу ойлгоорой.

Өнгөрсөн намрын нарс гэхэд 15-20 см өндөр ургачихсан байгааг манай талбайгаас харж болно.
Тиймээс намар мод тарихаа бүү мартаарай.

Бичлэг үзэх:


Монголчууд мод тарьж, ой төгөл болгож чаддаг юм билээ

Өмнөх жилүүдтэй харьцуулбал тарих мод асууж сурагладаг хүмүүс нэлээд нэмэгджээ. Миний ойр тойронд ч ажиглагдаж байна. “Ядаж хашаандаа 5, 10 ширхэг мод тарих юмсан. Чамд ямар мод байна” гээд асуудаг хүмүүс олон болжээ. 

“Тэрбум мод” хөдөлгөөнд үүний нөлөө их бий. Манайханд монголчууд мод тарьж чадахгүй гэсэн эндүү ташаа ойлголт байдаг юм. Үнэндээ монголчууд бидэнд хийхгүй, бүтээхгүй зүйл гэж байхгүй гэдэгт итгэдэг. Би чадна, хийнэ, бүтээнэ. Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр манай “Ногоон Ази” ТББ хэдэн зуун мянган модыг тарьж байна шүү дээ. Тэр байтугай хээрийн, цөлжилттэй, говийн бүс нутгуудыг сонгон модоо тарьж, ургууллаа. Үнэндээ тууштай арчилгаа байхад ямар ч мод, хаана ч ургадаг юм гэдгийг бид туршлагаараа олж мэдсэн. Энэ ажлуудаа бид монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилтийг бууруулахад  оруулж буй томоохон хувь нэмэр гэж хардаг.

Бидний хөдөлмөрийг хайрлаарай, хүндлээрэй

Мод тарихыг жаргалтай ажил гэж би боддог. Ургана, нахиална, намар нь шарлана, өнгө өнгөөр хувирна. Тэр бүртээ сэтгэл баясгаж байдаг. Эх хүн хүүхдээ асарч бойжуулдаг шиг л ойжуулалтынхан мод ургамлаа бодож сэрдэг, байнга эргэж тойрно. Ингэж ургуулсан тарьцыг худалдан аваад мод тарьж байгаа хүмүүсийг хараад баярладаг, бахархдаг.

Гэхдээ хэлэх ёстой зүйл бий. 

Манайхан мод тарина гэж бодонгуутаа шууд суулгацаа худалдаад авчихдаг юм. Нүхээ ухаагүй тул байшингийнхаа урд тал хэд хонуулна, ач зээ нь ирж мод тарих нүх ухаж өгөхийг хүлээдэг. Гэтэл энэ хооронд мод боодолтой чигээрээ хөгцрөх, муудах, хатах магадлалтай. Иймээс анхнаасаа нүхээ ухаад модоо аваарай гэж аминчлан захимаар байна. Энэ нь та өөрийнхөө цаг заваа, бидний хүч хөдөлмөрийг хайрлаж, гамнаж байгаа хэрэг юм шүү.

Намар мод тарихад хэд хэдэн анхаарах зүйл бий.


Үндэс болон иш хоёрын заагт үндэсний хүзүү гэж байдаг. Энэ хүзүүг давуулахгүйгээр, иш болон үндэс хоёрын зааг дээр тариарай. Яагаад гэвэл иш дээр шинэ үндэс үүсээд доод талын үндэс үхэх магадлал өндөртэй. 

Дараагийн анхаарах зүйл бол усалгаа. Услахдаа 20 литр усыг тогоогоо тойруулж хийгээрэй. Манайхан модны иш рүү услаад байдаг.  Ишний доор үндэс байгаа тул хүчтэй усалгаанд ил гарч хатах гээд байдаг юм. Тиймээс иш рүү биш, модныхоо тогоог тойруулж, ханаа дагуулж усална. 

Цэнэг усалгаа: Услаад, ус шингэсний дараа үндэс нь ил гарж уу, тогоонд нь хонхор, хотгор үүсэж үү гэж шалгаад, хуурай шороогоор дүүргэнэ.  Цэнэг усалгааг 30-40 литр усаар хийж модны тогоог өвөл заавал цасаар манаарай.