Өнөөдөр дэлхий даяар 9000 гаруй мэргэжил байгаагаас 30 гаруй хувь нь хэдийн ашиглагдахаа больжээ. Арваадхан жилийн өмнө бидний төсөөлж ч байгаагүй ажил мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр байр сууриа тогтоож, уламжлалт мэргэжлүүд халаагаа тавьж эхэллээ. Бүтээлч ажлын байрыг хүртэл роботууд төвөггүйхэн хийх хэмжээнд хүртэл хөгжиж буй. Тиймээс автоматжсан эрин үед роботуудаар орлуулашгүй үнэ цэнтэй мэргэжилтэн болох шаардлагатайтай нүүр тулж байна.

Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнтэй байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших нь чухал юм. Энэхүү сэдвийн хүрээнд Бизнесийн ухааны магистр, судлаач Б.Хулангийн “Насан туршдаа суралцахуй ба Soft Skill” илтгэлийн онцлох хэсгийг хүргэж байна.  

Дэлхийн Олон Улсын Байгууллага болон Бизнесийн байгууллагууд 2030 он гэхэд чадварлаг боловсон хүчин бий болгохын тулд тун олон судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Улс орнууд ч мөн 2010 оноос хойш ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, судалгааны ажилд анхаарчээ.

Тухайлбал, Японы 2030-Хөгжлийн гүүр хөтөлбөр, Сингапурын 21 дүгээр зууны иргэн болох хөтөлбөрүүдийг нэрлэж болно. 2030 онд судалгааны байгууллагуудын үзэж буйгаар улс төр, эдийн засаг, технологиийн хөдөлмөрийн зах зээл дээр томоохон трендүүд гарч ирнэ гэж үзжээ. Энэ нь зарим мэргэжил бүтцийн өөрчлөлтөд орно, зарим нь устана, зарим мэргэжил шинээр бий болно гэсэн төлөвтэй байна. Энэ нь компьютер, технологи автоматжлалтаас үүдээд өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Тухайлбал, мэдлэгийн зах зээлд хиймэл оюун ухааныг хэдийн ашиглаад эхэлчихлээ. Иймд дэлхий дахинд өрнөж буй энэ их өөрчлөлтөөс хойш сууж үл болно. Үүний талаар багахан ч гэсэн мэдээлэлтэй байх хэрэгтэй. 


2030 онд юу болох вэ?


Европын улсууд болон Япон зэрэг орнуудад ажиллах насны хүн ам буурсантай холбогдуулан зарим ажил мэргэжлүүд автоматчилал руу чиглэжээ. Мөн гаднаас ажиллах хүчин оруулах зэрэг стратеги баримталж байна. Таван саяас дээш хүн амтай мега хотууд нэмэгдэж байна. Улс орны засгийн газрууд илүү хамтын ажиллагаатай болж эхэлж байна. Эдгээрээс манай улсад хамгийн хамаатай гэсэн дараах чиглэлүүд байна. 

Автоматчлал: 2030 онд 400-800 сая хүн автомтчлалд ажлаа алдана. Сүүлийн 20-иод жилд уламжлалт ажил мэргэжлийн 30 гаруй хувь нь хэдийн халаагаа өгчээ.

Эдийн засгийн хүчний шилжилт: 2030 онд эдийн засгийн хүчирхэг 10 орны 4 нь ази тивд байна. Хятад, Япон, Индонез, Энэтхэг улс нь эхний арван улсын эхэнд бичигдэхийг судалгаанд дурджээ. Энэхүү эдийн засгийн өөрчлөлт манай улсад томоохон давуу тал, эерэг нөлөө үзүүлэх талтай.

Харилцаа холбооны технологи: Хөл хорионы энэ хугацаанд харилцаа холбооны технологи нь хөдөлмөрийн зах зээлд хэчнээн чухал үүрэгтэйг хүмүүс илүү ойлгож эхэллээ. Зайнаас үл хамааран бизнесээ үргэлжлүүлэх, ялангуяа оюуны салбарт хөгжих үйл явц бүрэн байна гэдгийг ухааруулсан билээ. Тэгэхээр энэхүү салбар нь өсөн нэмэгдэх нь гарцаагүй.

Даяарчлал: Даяарчлал нь эдийн засаг, соёлын хувьд ч улам ач холбогдолтой болно.1990-ээд оноос хэрэглэж эхэлсэн энэ нэр томьёо нь соёл, эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Тухайлбал, даяарчлал, харилцаа холбоо технологийн тусламжтайгаар бид зайнаас үл хамааран сурч боловсрох, бизнесээ хөгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой болсон. Мэдлэг мэдээллийг маш хурдтайгаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломж улам нээгдэж байна.

Ерөнхийдөө эдгээр чиг хандлагууд нь бидний ердөө есхөн жилийн дараах амьдралд хэрхэн нөлөөлөх бол, үүнд бид хэрхэн бэлтгэлтэй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. 


2030 онд ажиллах хүчинд гарах өөрчлөлт:


Одоо байгаа нийт ажил үүрэг, даалгаврын 60 хувь нь бүрэн автоматчлагдана. Гэхдээ үүнийгээ дагаад мөн дан ганц ажлын байрууд устахгүй, шинээр үүсэж мөн өөрчлөгдөнө. 

Тухайлбал, 250-280 сая ажлын байр шинээр бий болохоос 50-85 сая орчим нь боловсрол, эрүүл мэндийн салбарын эрэлтээс үүснэ. Нэг ёсондоо илүү нарийн зохион байгуулалтад орно гэсэн үг. Мөн 375-800 сая ажлын байр устана. Энэ нь нийт ажлын байрны 8,5 хувь юм.

Татах жишээ олон бий. Тухайлбал ердөө арваад жилийн өмнө маркетингийн салбарт дижитал болон сошиал маркетинг гэсэн нэр томъёо байсангүй. Гэтэл өнөөдөр уламжлалт хэлбэрээ халж, цоо шинэ түвшинд шилжчихлээ. 

2030 онд аяллын агент, кассчин, жолооч, зөөгч, шууданч зэрэг мэргэжил бүр мөсөн устах бол хүний эд эрхтэн бүтээх үүдэл эсийн инженер, хагас реалити, аялал бүтээгч, дижитал валютын зөвлөх, хаягдлын инженер зэрэг мэргэжил шинээр бий болно.


Харин санаа зовох зүйлгүйгээр ойрын арван жилдээ эрэлтээ алдахгүй мэргэжлийн жагсаалтын тэргүүнд программист, мэдээлллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилчид, менежер багтаж байна. 

Мэргэжлээ сонгох гэж буй залуустаа зөвлөхөд эдгээр мэргэжлээс суралцахад тохиромжтой байна. Автоматчлалд банк санхүү, барилга, уул уурхай, эрүүл мэндийн салбарт илүү нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар астма өвчнийг 90 хувийн үр дүнтэй оношилж байна. Ходоод гэдэсний өвчнийг 87 хувийн оновчтой оношилж байна. 

Хэдий автоматчлал, роботын эрин үе ирсэн ч хэрэв та дараах чадваруудыг өөртөө суулгасан бол та ямар ч ажил мэргэжилтэй бай тухайн салбартаа урт хугацаанд ажиллах боломжтой юм.