Эмпасофт ХХК-ийн гүйцэтгэх захирал, coach Н.Энхсайхантай мэргэжил сонголтын талаар ярилцлаа. Тэрээр Монголын болон гадаад орнуудад хийгдсэн мэргэжил сонголттой холбоотой сүүлийн үеийн судалгаа, мэдээлэл, зөвлөгөөг багцалан  “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд-Чиний сонголт” номоо уншигчдын хүртээл болгохоор бэлдэж байгаа юм.  Мэргэжлээ сонголтын үед гаргадаг алдаа, эцэг эх, багш нарын оролцоо, ирээдүйн хөгжлийн тухай ярилцсан юм.

-Мэргэжил сонголт нь хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг. Хүүхдээ энэ сонголтыг хийхэд нь эцэг эхчүүд яаж туслах хэрэгтэй вэ? 

-  Эцэг эхчүүд хүүхдээ сайн сайхан яваасай, бидний алдааг бүү давтаасай гэж хүсдэг. Тиймдээ ч аятайхан мэргэжил эзэмшиж хүнээс дутуугүй яваг гэсэн дээ “Чи нэг дипломтой болоод, энд нэг ажилд орчих санаа зовох юмгүй болно” гэж өөрсдийн бодлоо тулгах нь бий. Гэвч хорин жилийн өмнө өөрийн мэдэрч байсан зүйлсээ огт өөрчлөгдөхгүй юм шиг санах нь өрөөсгөл.  Бидний хүүхдэдээ өгч чадах хамгийн том туслалцаа бол багаас нь өөрийн хүсэл сонирхол, хийж чадах зүйлээ олоход туслах юм.

Мэргэжил сонголт 12 дугаар ангиа төгсөх дөхөхөөр нь л гэнэт “за одоо яах билээ, сургалтын төлбөр гайгүй ямар сургууль байна, “ийшээ” орчихвол нэг газар ажлаад байж болох юм байна” гээд тулгаж бодох зүйл огтоос биш.  


-Сургуульгүй үлдэх вий, үеийнхнээсээ хоцорно гэсэн айдаст автаж, яаран хамаагүй сургуульд элсэх нь бий. Ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ? 

-Заавал их сургуульд орох ёстой гэсэн бодлоос болж маш олон хүүхдийн хүсэл мөрөөдлөө унтарсан. Магадгүй цаашдаа ч унтрах байх. Эцэг эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй шахалт өгч, буруу ойлголт төрүүлснээс тэр шүү дээ. “Чамайг нэг дипломтой л болгоно” гэж зүтгэхдээ хүүхдийнхээ сонирхол, ур чадварыг алдагдуулж байдаг. Өөрийгөө яг ямар мэргэжилтэй болохоо тодорхойлчихсон бол их дээд сургуульд элсэх үү, МСҮТ төгсөх үү эсвэл хэдэн сарын сургалтад сурах уу гэдэгт ямар ч ялгаа байхгүй. Гэтэл манайд муу сурдаг хүүхэд МСҮТ-д ордог гэсэн буруу ойлголт байсаар л байна.


Ажил олгогч хүний хувьд нэг зүйлийг итгэлтэйгээр хэлье. Би ажилд орох гэж ирсэн нэг ч хүнээс диплом харж байгаагүй. Тэрийг харах ч шаардлага байхгүй.  Яагаад гэвэл сайн сургууль төгссөн сэтгэлгүй хүн, сургуульд сураагүй ч хандлага сайтай хүнийг сургаж авахын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.  

- Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхолыг алдагдуулахгүйн тулд чухам юу хийнэ гэсэн үг вэ? 

- Монгол эцэг эхчүүдийн хүүхдээ сургах арга өнгөцхөн байна. Хичээлээ л хий, битгий тоглоом тоглоод бай гэх мэтээр захиргаадах нь түгээмэл. Тухайлбал надаас зөвлөгөө авсан нэг хүүхэд “Ээж маань намайг дэвтэр ном дэлгээд,  ширээн дээрээ сууж байвал л хичээл хийж байна гэж ойлгодог, утас бариад суухаар битгий тоглоод бай гэж загнадаг би уг нь  интернетээс юм хайж судлах сонирхолтой. Гэхдээ миний хэлснийг ойлгохгүй байна.” гэж ярьж байсан.  


-Тэгэхээр эхлээд  хүүхдийнхээ сонирхлыг сонсох хэрэгтэй байх нь?

- Хичээлээс өөр юм хийж, цагаа дэмий өнгөрөөж байна гэж бодохоос урьтаж хүссэн зүйлээ хийх орон зай, цаг хугацааг нь олго. Тэгээд  “Яагаад хүү маань энэ тоглоомыг тоглодог юм бол, юу нь тэгэж их сонирхлыг нь татаад байна  гэдгийг бодох нь зүйтэй.  Үүний дараа хамт тоглож үзээд учрыг нь  олох гэж оролдох, үзэж байгаа анимэ, кино нь миний үеийнхээс ялгаа нь юу байна гэдгийг ажиглах нь зөв алхам юм. Дараа нь хүүхдэдээ хэр хэмжээнд үзэх ёстойг зааварлаж хэлбэл өөр. 

Зөвхөн номноос уншиж,  багшаар заалгаж байж сурдаг үе ард хоцорсон. Кино үзэхдээ ч, хөгжим сонсож, тоглоом тоглох үедээ ч шинэ зүйлс сурах арга барилтай болж байна.


-Хүүхдүүд ухаалаг гар утас, интернэт зэргийг хэрхэн үр дүнтэйгээр хэрэглэж байна. Жишээ хуваалцаж болох уу? 

- Технологийн хэрэглээг компьютер тоглох, youtube үзэх төдийгээр хязгаарлахгүй. Хүүхдүүдэд интернет платформ, тоглоомнуудыг хэрэглэх үедээ хэрхэн ажилладгийг сонирхож, бүтэц загварыг нь судлах сэдэл төрдөг. Үүнийг нь хөгжүүлбэл программын хэлийг ойлгож үйлдэлүүдийг нь логиктойгоор ойлгох чадвартай болж байна. Түүнчлэн өөрсдийн сонирхолд нийцсэн ажил, мэргэжлийг олоход нь тустай.

Тухайлбал надад хандсан нэг хүүг аав нь цагдаа болохыг хүссэн. Харин хүү заавал аав шигээ зам дээр 40 жил зогсож, ажиллахгүйгээр мэдээллийн аюулгүй байдлын ажилтан болчихвол  интернэт орчинд цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг олж харсан. 


- Техник технологи хөгжихийн хэрээр ажил, мэргэжлүүд өөрчлөгдсөөр байна. Coach хүний хувьд  хүүхдүүдэд ямар мэргэжил сонгохыг зөвлөх вэ? 

- Coach-ийн үүрэг хүүхдэд замыг нь шууд заах биш. Сайн сонсогч байж, тухайн хүүхдийг сонголтоо хийхэд, өөрөө өөрийгөө ойлгоход нь туслахыг чухалчилдаг. Тиймээс аль нэг мэргэжлийг онцгойлолгүй, мэргэжил бүрийг онцлогоор нь тайлбарлаж өгдөг. 

Ингэснээр хүүхэд өөрийгөө аль чиглэлд илүү сонирхолтой байгааг олж мэднэ. Аав, ээжийнхээ хэлснийг ч анхаарч тунгаах болно. Түүнчлэн өөрийн дотоод нөөц бололцоог мэдэрч шийдвэрээ гаргах юм. Тиймээс хүүхдүүдэд эзэмшвэл зохих мэдлэг, ур чадварт сургахыг хичээдэг. 


-Тэгвэл хүүхдүүд ямар ур чадварыг эзэмшвэл зохих вэ? 

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан  судалгаагаар  2030 онд эрэлттэй байх ажлын байруудын 70-80 хувь нь технологид суурилсан байх болно гэж үзсэн. Үүний дагаад хүмүүсд техник технологийн мэдлэг түлхүү шаардагдаж байна. 

Өмнө нь гадаад хэлний мэдлэг, компьютерийн энгийн хэрэглээг шаардаж байсан бол дараагийн түвшинд шилжиж аливаа зүйлийн логик дарааллыг ойлгодог, шинжлэх ухаанчаар ханддаг байх цаашлаад  программын хэл ойлгодог байх, код бичих зэрэг чадварыг дурдаж болох юм. Технологийн боол байх уу,үүнийг ашигладаг эзэн байх уу гэдэг нь тухайн хүнээс шууд хамаарна. 

Эдгээрээс гадна тухайн хүний харилцааны соёл, багаар ажиллах, хүнийг сонсох, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэрэг энгийн мэт сонсогдох ур чадвар чухалд тооцогдож байна. 


- Яагаад Softskill-ийг сүүлийн үед  ингэж  чухалчлах болсон бэ? 

- Миний мөн хэлсэнчлэн зөв хандлагатай хүнийг сургаад авах амархан. Аливаа зүйлд эерэгээр ханддаг, бусдын оронд бодож үзэх чадвартай  байснаар ирээдүйд машин, механизм, хиймэл оюун ухаан, роботуудтай  ертөнцөд хүмүүс зэрэгцэж ажиллахад хялбар байх юм. 

Нөгөөтэйгүүр  хэн нэгний хэлсэн үгэнд амархан итгэхгүй  цааш нь лавшруулан ухаж, унших ур чадвар хүүхдүүд ч гэлтгүй томчуудда дутагдаж байна.  Энэ нь суурь боловсролд аль хэдийнээ тусгасан байх ёстой зүйл. Тэгэхээр багаас хүүхдийнхээ сонирхол, ур чадварын хамт,зан харилцааг нь ч анхаар. Ямар ч мэргэжилтэй байсан энэ зэргийн ур чадваргүй бол  "тэсч үлдэхэд" хэцүү л байх.


-Энэ жил ЕБС төгсөж,  мэргэжлээ сонгохоор төлөвлөж байгаа хүүхдүүдэд  юу гэж зөвлөх вэ?

-“ЭЕШ болоход хоёр сар л дутуу байна. Би мэргэжлээ сонгоогүй. Яах вэ багш аа”, "Мэргэжлээ сонгосон ч эргэлзээд байна." гэх хүүхдүүд бий. ЭЕШ ганцхан л бүхэл амьдралыг чинь шийддэг зүйл биш гэдгийг санаарай. Шалгалт өгөх хангалтай бэлтгэлгүй байна гэж бодож байвал нэг жил өнжчих. Магадгүй яг ямар мэргэжил эзэмшихээ тодорхой болгож чадахгүй байвал сургуульд элсэх хэрэггүй. 

Зүгээр өөртөө юу хүсэж байгаагаа ойлгох цаг хугацаагаа олго. Ангийхан бүгд сургуульд орлоо гээд тэднийг дагах шаардлагагүй шүү дээ. Шийдвэр гаргахаасааа өмнө хоёр гуравхан жилийг биш, хорь гучин жилийн дараах ирээдүйгээ бодоорой. Яаран хийсэн шийдвэртээ харамсдаг, жил ирэх тусам сургуулиа хаяхыг хүсдэг олон хүн байгаа. Тиймээс хэсэгхэн хугацаанд хүлээгээд өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлөө баттай болгож байж шийдвэр гаргаарай. 

-Ярилцсанд баярлалаа.