БНАСАУ-ын парламентын анхдугаар чуулган ирэх сард болно

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Ардын дээд хурлын /АДХ/ 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган дөрөвдүгээр сарын 11-нд тус улсын нийслэл Пьёнян хотноо болно. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Парламентын сонгуулийн дараах анхны чуулган болох өдрийг АДХ-ын тэргүүлэгчдийн холбогдох шийдвэрийн дагуу товлосон байна.

БНАСАУ-ын АДХ-ын сонгууль гуравдугаар сарын 10-нд болсон юм. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээллээр, сонгуулийн ирц 99.99 хувь байсан бол холбогдох тойргуудад нэр дэвшигчид сонгогчдын 100 хувийн саналыг авчээ.

Энэ удаагийн парламентын сонгуулийн гол онцлог нь 14 дэх удаагийн сонгуулиар сонгогдсон депутатуудын жагсаалтад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны нэр байгаагүй явдал юм. Тус улсын удирдагч өмнөх сонгуульд 111 дүгээр тойргоос сонгогдож байжээ. Үүнтэй холбоотойгоор парламентын анхдугаар чуулганы үеэр АДХ болон тэргүүлэгчдийн дотор бүтцийн томоохон өөрчлөлт хийж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 

АДХ бол 687 депутатын суудалтай хууль тогтоох дээд байгууллага юм. Таван жилийн хугацаатайгаар сонгогддог депутатууд жилд нэг удаа хуралдаж, улсынхаа төсөв болон хамгийн чухал хуулийн төслүүдийг баталдаг байна. Хууль тогтоогчдын чуулган завсарлах хооронд эрх мэдэл АДХ-ын тэргүүлэгчдийн гарт төвлөрдөг аж. Одоо АДХ-ын тэргүүлэгчдийн даргаар Ким Ён Нам ажиллаж байна. Тэрбээр хоёрдугаар сард 91 нас хүрчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

солонгос пьёнян

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.