Шинэ коронавирусийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газарт чиглэл өгчээ. Энэ дагуу Засгийн газар шуурхай хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Зарим хилийн боомтыг хаах, үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ. 

Монгол Улс болон БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд, тус улсаар дамжин Монголд ирэх болон Монголоор дайран өнгөрөх гуравдагч улсын иргэдийг хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 02-ныг дуустал Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар боллоо.

БНХАУ-ын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын Буянт ухаа нисэх буудал, Зам-Үүдийн галт тэрэгний буудлаар авна. Манай улсын олон иргэн тус улсад байдаг учир ирж амжаагүй байна. Тэднийг хоёрдугаар сарын 06-ныг хүртэл тодорхой хоёр боомтоор нэвтрүүлнэ. Түүнээс хойш зөвхөн Замын-Үүд, Буянт Ухаа нисэх буудлаар нэвтрүүлнэ. 

Дээрх хугацаанд Монгол Улсын иргэд ирнэ. Хятад буюу хятадаар дамжсан гуравдагч орны иргэд Монгол руу ирэхгүй" хэмээв.