Энэ онд БСШУЯ төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулах худалдан авах ажиллагааг 100 хувь цахим системээр зарлаж байна. 

Түүнчлэн нийт худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийн 60 гаруй хувийг орон нутаг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 281 төсөл, арга хэмжээнээс 90 гаруй нь БСШУСЯ дээр бусад нь харьяа орон нутаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус зохион байгуулж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар, БСШУСЯ 90 гаруй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Засгийн газар 334 дүгээр тогтоолоор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж, гэрээ байгуулах чиглэл өгсөн. Гэсэн ч зарим төсөл, арга хэмжээний зураг төсөл нь бэлэн болоогүй, газрын асуудалтай, төсөвт өртгийн үнийн дүн болон анх улсын төсөвт суулгасан хүчин чадлын хэмжээ зөрүүтэй гэх мэт шалтгааны улмаас худалдан авах ажиллагаа хойшилж байна.

Харин энэ онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй боловсролын салбарын бүтээн байгуулалт гэвэл 25 цэцэрлэг, 19 сургууль шинээр болон өртгөтгөлөөр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийг хоёр ээлжтэй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тодорхой хэмжээгээр биелэх юм. Салбар яамнаас 2020 он гэхэд Засгийн газрын энэхүү зорилт 100 хувь биелүүлэх зорилт тавин ажиллаж байна.