Орос улс хамгийн сүүлийн үеийн зенитийн пуужингийн цогцолбор болох С-500-г амжилттай туршсан гэдгийг Америкийн тагнуулын алба тогтоожээ. Энэ тухай Америкийн телевизийн CNBC суваг тус улсын тагнуулын албадаас мэдээлэл авсан эх сурвалжийг иш татан мэдээллээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, туршилтын явцад С-500 систем нь 481,2 км-ийн зайд байсан байг онож устгасан байна. Америкийн тагнуулын албаны хийсэн дүгнэлтээр, энэ нь өмнөх туршилтуудтай харьцуулахад 80,5 км-ээр хол аж.  
 
С-500 цогцолбор нь С-400-гийн оронд суурилуулахаар төлөвлөж буй систем бөгөөд 25 жилийн хугацаанд ашиглах боломжтой юм. Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэхдээ “2020 оноос уг системийг зэвсэглэлд нийлүүлж эхэлнэ” гэж байв.
 
Энэ оны 2 дугаар сард ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Дмитрий Рогозин “Коммерсантъ” сонинд ярилцлага өгөхдөө “С-500 болон С-400-г Нижегород хотын машины үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн” гэдгийг дурдсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг