Даяана подкаст” ийн энэ дугаараар МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай Монгол улсын эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийн талаар ярилцсанаа хүргэж байна.  Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

“2020 он хүнд, 2021 он тэрнээс хүнд жил байсан бол 2022 он бүр хүнд жил болно. Зөвхөн коронагийн нөлөө байсан бол одоо бид дайны, Хятадын унаж буй үйлдвэрлэлийн асуудалтай тулгарлаа. Ер нь бид хөгжих гэхээсээ илүү оршин тогтнолын, эдийн засгаа аврах асуудалд хандахгүй бол болохоо байлаа...”

-Та өнгөрсөн жилүүдэд хүнд байсан ч 2022 он түүнээс хүнд болно гэлээ. Үндэслэлүүдээ тайлбарлавал?  

-Монголын эдийн засаг нэг талаасаа их эерэг хүлээлттэй байгаа юм. Ирэх 2-3 жилийн дотор томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орно. 

Бид их олон жил ярьсан нефтийн үйлдвэр, Таван толгойн төмөр замаа барьж, Оюутолгойн гүний уурхайн хоёр дахь ээлж, Дарханы зам зэргийг ашиглалтад оруулна. Миний саяхан хийсэн макро эдийн засгийн судалгаа бусад эдийн засагчдын таарч байна. 2024-2025 онд Монголын эдийн засгийн өсөлт өндөр гарна гэдэг дээр бидний санал нэгдэж байгаа.

Харин энэ жил, өнөө маргаашдаа тун хүнд байна.  Монголчууд ямар ч байсан коронаг давсан. Гэсэн ч дайн, ложистк, дээр нь дахиад шинэ хямрал дөнгөж сая нэмэгдлээ. Хэд хоногийн өмнөөс Хятад улсад коронагаас болж бүхэл бүтэн том аж үйлдвэрийн төвүүд хөл хорионд орж, үйлдвэрүүд хаагдаж эхэллээ. 

Өмнө нь байгаагүй их өвөрмөц асуудлууд гарч байна. Дайнаас болж манай хойд хөрш ОХУ түүхэндээ байгаагүй хатуу хөл хорионд орлоо.

Ер нь хатуу хөл хорионд Куб, Иран, Хойд Солонгос гэсэн гурван улс орж байсан. Эдгээр улс нураагүй, дампуураагүй байдгаараа байгаа ч дэлхийн зах зээлээс ихээхэн хол болчхож байгаа юм. 

Дэлхийн зах зээлтэй харьцдаггүй, хөрөнгө оруулдаггүй, бараа авдаггүй бас гаргадаггүй, иргэдэд нь хүртэл гарч ороход төвөгтэй болчихсон. Орос дээр тавигдаж байгаа хоригийг үндсэндээ арван хэдэн жилийн өмнөх Ираний хоригтой харьцуулж болно. Тийм газарт албан ёсны дилерийн худалдаа байхгүй болчихдог. 

Гар утас, зурагт гээд бүх бараа бий ч албан ёсоор орохгүй, баталгаагүй, засваргүй дандаа хувь хүмүүсийн наймаа худалдаа болчихож байгаа юм. Саарал, далд эдийн засгаар явдаг. Дээр нь манай хойд хөрш байгалийн баялгаа зарж чадахгүйд хүрч байна. Энэ нь эргээд байгалийн баялгийн үнийг өсгөж ч магадгүй. Одоо Оросын найдвар ганц Хятад улс. Асар их нүүрс, зэс Хятад руу гарахаар манай түүхий эдтэй мөргөлдөх эрсдэлтэй. Манайд сөрөг нөлөөтэй нэг тал нь энэ.

Подкаст сонсох: 

Нөгөө талд хойд хөрш нураад алга болчихгүй, байдгаараа л байх ч хөгжил нь нэлээн хоцрогдох болов уу. Монголчууд бид Япон, Солонгос, Хятадуудтай яаж харьцахаа мэднэ, сурчихсан. Харин одоо Оросуудтай яаж төлбөрөө хийх, ямар замаар бараагаа зөөх вэ гээд олон асуудал гарч ирж байна.

Ерөнхийдөө 2020 он хүнд, 2021 он тэрнээс хүнд жил байсан. Гэтэл 2022 он эдгээрээс хүнд жил болох шинжтэй болчихлоо. 

Өмнө нь бид зөвхөн коронагийн нөлөөг л ярьж байсан бол одоо бид дайны, Хятадын унаж буй үйлдвэрлэлийн асуудалтай тулгарч байна. Яг өнөө маргаашдаа байдал хүнд байна. Дотооддоо үйлдвэрлэлээ үнэхээр бодитойгоор дэмжихгүй бол яваандаа эвгүй байдалд орох нь маш тодорхой боллоо. Энэ дээр төр засгийн улсууд дүгнэлтээ хийж байгаа байх.  

Ер нь бараг хөгжихөөсөө илүү оршин тогтнолын асуудал, эдийн засгаа аврах асуудал руу хандахгүй бол болохоо байлаа.


-Энэ нөхцөл байдлыг ашиглаад гуравдагч, шинэ хөрөнгө оруулагчдыг хайх, ажил хэрэг болгох саналыг ч зарим нь дэвшүүлж байна. Тийм боломж хэр харагдаж байна вэ? 

-Яг энэ дээр харин Украины нөхцөл байдал манайд жаахан эерэг байдал үзүүлж магадгүй. ОХУ-ынбайгалийн баялгийг түшиглээд гадаадын хөрөнгө оруулалт нэлээн их орж байсан. Нэгэнт  тэр нь  байхаа болчхоор түүхий эдийн эрэлт хэрэгцээ хэвээрээ байвал, эсвэл өсвөл Монгол улсад орон зай гарч ирнэ.    

Монгол улсыг харьцангуй ардчилсан улс, нээлттэй, Рио Тинто компаниар жишээлээд хөрөнгө оруулагчидтай тохирч чаддаг гэх зэргээр хөрөнгө оруулах боломжийн газар гэж үнэлэх болов уу.

Энэ баталгаатай биш ч үндсэндээ Оросын зах зээл хаагдлаа. Казахстан бол манайхтай адилхан байгалийн баялагтай улс ч Орос нь энэ улсын эрсдэл болчихлоо. 

Тухайлбал манайхан өнгөрсөн гуравдугаар сарын эхээр хилээ нээж Оросоос жуулчид авч байхад Казахстан улс дөнгөж сая л хилээ нээлээ.  Тэд оросын жуулчид олноор ирж,  долларыг нь зөөнө гэх байдлаар айж байгаа.  


-Хоёр хөршийг холбосон байгалийн хийн хоолой Монголчуудад ихээхэн эрсдэлтэй гэж зарим болгоомжлуулж байна. Уул нь олон жил үүнийг л хүсч, ярьцгааж ирсэн биз дээ. Таны байр суурийг сонирхъё. 

-Хоёр зүйл бий. Хоёр их гүрний дунд байдаг гэдэг утгаараа Монгол улс хоёр хөршийн худалдааны дундаас байнга ашиг олъё гэж мөрөөддөг байсан. Байгалийн хийн хоолой бол 20 жил л мөрөөдөж ирсэн, нэг үгээр зүгээр сууж байгаад мөнгө олох л арга шүү дээ. Тэр талаасаа манайханд их гоё сонсогдож байгаа юм. 

Нөгөө талаасаа байгалийн хий асар их геополитикийн эрсдэлтэй гэдгийг санах ёстой. Үүнээс болж дандаа дайн үүсдэг. Украины дайн үүнээс л үүдэлтэй. Оросоос баруун европт өгч байгаа байгалийн хийн төлбөр дээрээ хоёр талууд тохироогүй учраас буудалцаад дайнд хүрлээ. Сирийн дайн ч бас байгалийн хийн хоолойтой холбоотой. 

Турк, Орос, Европын холбоо, Орос гээд хоорондоо муудалцаад байгаа нь мөн л байгалийн хийтэй холбоотой. Энд олон зуун тэрбум долларын  ашиг хөнддөг учраас нэгэнт гэрээ хийгдвэл талуудын ашиг сонирхол асар өндөр болдог. Ямар ч эрсдэл зөвшөөрөхгүй байх талдаа ордог.

Өмнө нь бид хийн хоолой гэхээр ашиг л ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр яг асуудал руу нь орохоор хамрах газар нутгийн хэмжээ, хамгаалалт, ашиг сонирхол гээд хэн хүнгүй юу билээ гэж бодож байх шиг байна л даа.  

Хэдэн төгрөг олохын төлөө асар их эрсдэлтэй ийм төсөл рүү орох хэрэг байна уу... Дээр нь Оросууд барьж, Хятадууд мөнгийг нь төлөөд явчихна. Монголд тийм сүрхий үр өгөөж байхгүй. Монголын барилгын бүх компани оролцоод барина гэдэг худлаа. Тусгай технологиор баригддаг энэ ажлыг манайхан чадахгүй, мэдэхгүй, манайхаар бариулах ч үгүй. Ерөнхийдөө манайд унац багатай. Дээр нь талууд худалдан авалтын хэмжээ, үнэ ханшаа тохирохгүй бол тэр хоолойгоор байгалийн хий явахгүй, эсвэл төлөвлөснөөсөө бага хэмжээгээр авбал манайд бага л мөнгө төлнө. 

Аймар гоё, том хүлээлттэй ороод өчүүхэн орлоготой байвал яах вэ. Одоохондоо Орос, Хятад хоёр гүрэн муудалцаагүй байна. Муудалцвал яах вэ. Тэр том хоолойг хэн хариуцаж, яаж хамгаалах бол... Тэд өчнөөн зуун тэрбум долларын төслөө хамгаалж л таарна. Тэгэхээр өнөөдрийн ашгийн төлөө үхэн хатан зүтгэх нь хэр оновчтой юм бол доо.

Европын холбооны улсууд Орост тавьсан хоригийн нөлөөг бууруулахад манай улстай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. Үүнд эрчим хүчний салбар хамгийн түрүүн орж байна гэж анзаарлаа. Энэ боломжийг ашиглаач гэсэн саналууд ч гарч байна.

Тэр бол зөв. Манайх шиг тийм их нүүрс, газрын тос, занар, нар, салхины эх үүсвэртэй улс дэлхийд бараг байна уу.  Манайх нийт цахилгааныхаа хэрэглээний 20 хувийг гаднаас авч, жилд 200 сая доллар төлж байна. Таван жилд л нэг шинэ станц барьчих мөнгө төлөөд байна. Ийм нөөцийг сайн дайчлан ашиглах хэрэгтэй байна.  


Баярлалаа.