Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэл болон 2019 оны төсвийг танилцуулж байна.

2018 оны Монгол улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давжээ. Яагаад ашигтай гарсан гэдэг дээр Сангийн сайд эдгээр тайлбарыг хийлээ.

Бичлэг үзэх:

1.Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.

Үүнээс уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 тэрбум төгрөг. Бусад нэмэгдсэн орлого нь нэг их наяд 370 тэрбум төгрөг байна.

Тэгэхээр зөвхөн нүүрсний экспорт нэмэгдсэн учраас орлого нэмэгдсэн гэсэн үг биш. Бусад 30 хувь нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэдэг нь харагдана.

2. Монгол улсын зээлжих зэрэглэл.

Төсөв ашигтай гарахад бас нэг нөлөөсөн зүйл бол Монгол улсын зээлжих зэрэглэл. Фитч, Мүүд зэрэг зээлжих зэрэглэл өгдөг хөндлөнгийн байгууллагууд бүгдээрээ Монгол улсын зээлжих зэрэглэлийн нэмэгдүүлж ирсэн. Энэ нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, ААН-үүдийн гадаад худалдаа, дотоод итгэл нэмэгдэхэд нөлөөлсөн.

3. Төсвийн сахилга бат.

Улс орон даяар төсвийн сахилга батыг хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 жилийн турш Засгийн газар төсвийн тодотгол зардлыг нэмэгдүүлж ирсэн. Бүр 1-3 удаа шүү. Энэ нь төрийн зардал нэмнэ гэсэн үг. Өнгөрсөн оны эхэнд л У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй гэдгээ зарласан. Ингэснээр улсын төсвийн орлогыг зөв тооцдог болсон дээр нь гарах зардлаа ч зөв гаргадаг. 

4.Эдийн засгийн идэвхжил явагдсан.

2018 онд НӨАТ-ын буцаан олголтыг 600 мянга гаруй хүн хамрагдаж 78 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Тэгвэл энэ оны байдлаар 808 мянган хүн 120 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар болсон гэсэн мэдээ гарлаа. Бараг 40 хувь нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг. 

5.Төсвийн зардал 92 хувьтай санхүүжигдсэн.

800 орчим тэрбум төгрөгийн ажил санхүүжүүлэгдээгүй үлдсэн. Үүн дотроос нэг зүйлийг онцлоод хэлэх зүйл бол хүүгийн зардал. Монгол улс 2018 онд Засгийн газар өндөр хүүтэйгээр гадаад, дотоодын ямар ч бонд гаргаагүй. Арилжжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл аваагүй учраас банкууд иргэд ААН-үүдэд зээл олгож эдийн засгийг идэвхжлийг гаргах боломж олгосон. Үнэт цаас гаргаагүй учраас Засгийн газар 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан хэрэг. 

6.  Сангийн яам өрийн асуудлыг цэгцлэхийн тулд бүх өр төлбөрөө гаргаж харж байгаад хамгийн өндөр хүүтэй, богино хугацаатайг нь төлж эхэлсэн.

 Зарим зээлийн төлөх хугацаа нь болоогүй ч гэсэн хугацаанаас нь өмнө төлж зээлийн хүүнд төлж буй төсвийн дарамтыг хөнгөлсөн. 2019 мөн 2020 онд Монгол улсад заавал төлөх томоохон өр төлбөр байхгүй. Үүнээс үзвэл Монгол улсын төсвийг зөв үр ашигтайгаар зохион байгуулаад явбал Монгол улсын өр шир багатай, эдийн засгийг өсөлт өндөр, татвар төлөгчдийн мөнгийг ард иргэдэд өөрт нь зориулах боломж байгаа нь харагдана. Бид 2018 оны эхээр хэлэлцээрүүд хийж өндөр хүүтэй богино хугацаатай зээлүүдийн хэлбэрээ өөрчилж, нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ. Өрийн хувьд ирэх жил төсөвт хүндрэл учруулахгүй. Нийт Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх учиртай. Энэ нь хүндрэлтэй асуудал. Тиймээс төлбөрийг бууруулах асуудлаар Сангийн яам ажилллаж байна. Үр дүнг нь гарахаар эргэж мэдээлнэ. 

7. 400 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдээгүй. 

Ихэвчлэн тендерийн маргаан, газрын асуудал шийдэгдээгүй зэрэг шалтгаантай. Энэ нь хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 400 тэрбум төгрөгөөр бага гарахад нөлөөлсөн. Гэхдээ улсын төсвийн санхүүжилт 92 хувьтай байлаа.

Мөн тэрбээр НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор арилжааны хоёр банк зээл олгож байгааг буруутгасан. Өмнө нь ийм хүсэлтүүд Сангийн яаманд ирж байсан ч энэ нь хууль бус үйлдэл гэв. Учир нь хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээлэл учраас, Үндэсний статистикийн газартаа өгөөгүй гэлээ. Сангийн яам удаа дараа хориглосоор байтал татварын байгууллага арилжааны банктай хамтраад ажилласан. Тиймээс ТЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр асуудал яригдаж байгаа аж.

Улсын нэгдсэн төсвийг өргөн барихдаа "Иргэдийн төсөв"-ийг хамт өргөн барьж батлагдсаны дараа шинэчилсэн хувилбарыг гаргаад байгаа дуулгалаа. Хүн болгонд зориулсан төсвийн ойлгомжтой гарын авлагыг гаргасан. Цаашид цувралаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч түгээхэд бэлэн байна гэв.

Сангийн яам гадаад өрийн дарамтыг оновчтой зөв буулгаж чадвал урт болон дунд хугацаанд валютын ханшын дарамтыг бууруулна гэж харж байгаа. Мөн экспортын орлогыг нэмэгдүүлэх нь үүнд нөлөөлнө. Тиймээс экспортоор гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулна. Ингэснээр машин бүрийг хянана гэлээ.