Эрүүл мэндийн даатгалтай холбоотой иргэдээс ирүүлдэг түгээмэл асуултуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариулт өгснийг хүргэж байна.

-Гадаадад эмчлүүлсэн иргэнд эрүүл мэндийн даатгал хамаарах уу?

-Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.

-Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдох уу?

-Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн улсын эмнэлэг буцаан олгох үүрэгтэй. 

-Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар тодруулж өгнө үү. Хаанаас авдаг вэ, аль нэг дурын эмийн сангаас авч болох уу?

-Та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн, эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын дагуу харьяалал харгалзахгүйгээр эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. 

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ эмнэлэгт хэвтэхэд нэмэлт төлбөр төлдөг.  Энэ ямар учиртай вэ?

-ЭМД-д даатгуулсан даатгуулагч та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг юм. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Түүнчлэн даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас  жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар болох 2,0 сая төгрөг хүртэл хэмжээний эмчилгээ, тусламж үйлчилгээний санхүүжилт авах эрхтэй гэсэн үг. Таны авсан эмчилгээ, тусламж үйлчилгээний зардлын төлбөр энэхүү зардлаас хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлөх учиртай.

-Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт олгодог. Энэхүү санхүүжилтэд хавдраар өвдсөн хүмүүс хамаарах уу?

-Хөнгөвчлөх үйлчилгээнд  хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдөлттэй, өөрт нь зовиур ихтэй, зөвхөн өвдөлт намдаах эмчилгээ, эсвэл асаргаа сувилгаа шаардлагатай байгаа даатгуулагч  эмнэлэгт хэвтэн хөнгөвчлөх үйлчилгээ авахад  эрүүл мэндийн даатгалын сангаас  зардлыг олгох боломжтой. Эдгээр  хүмүүс өвчний түүх нээлгэн эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан тохиолдод  даатгалаас тухайн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлнэ.

-Даатгуулагч хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлж болох уу?

-Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Харин аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгосон эмийн сангаар үйлчлүүлсэн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.


Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам