Ирэх долоо хоногт Перу улсад эхлэх “Дакар Ралли-2019” тэмцээнд хамгийн олон буюу 17 эмэгтэй тамирчин оролцоно гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлэв.

Энэ удаагийн тэмцээнд оролцох эмэгтэй тамирчдын тоог өмнөх оны тоотой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд тэмцээний түүхэнд байгаагүй хамгийн олон эмэгтэй өрсөлдөх гэж буй нь энэ ажээ. Харин эрэгтэй тамирчдын тоо 500 давах төлөвтэй байна.

Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн эмэгтэй тамирчдыг улсаар авч үзвэл, Испаниас хамгийн олон буюу дөрвөн эмэгтэй тамирчин оролцох бол Герман, Нидерланд, Чех, Перугаас тус тус хоёр тамирчин, харин Боливи, Франц, Итали, Парагвай, ОХУ-аас тус бүр нэг эмэгтэй тамирчин оролцох ажээ.

Эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг Испанийн тамирчин Лайа Санз гаргаж байсан юм. Тэрбээр 2015 онд мотоциклийн уралдаанд есдүгээр байрт шалгарч байв.

1978 оноос зохион байгуулж эхэлсэн “Дакар Ралли” тэмцээнийг Францын нийслэл Парис хотоос Сенегалийн нийслэл Дакар хотын хооронд зохион байгуулдаг байсан юм. Харин аюулгүй байдлын асуудлуудын улмаас 2009 оноос эхлэн Өмнөд Америкт зохион байгуулж эхэлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua